Нэг жилд 620 мянган нислэг, 100 сая зорчигчид үйлчлэх Да Шин нисэх онгоцны буудал ашиглалтанд орж байна
Арван жилийн өмнө Baidu-гийн хэрэглэгчдийн дунд "хэрхэн мөнгө олох вэ" "мөнгө яаж арвижуулах вэ" гэсэн хайлт зонхилж байсан бол өдгөө "эрүүл зөв хоол" "аялал" гэсэн тренд хайлтууд голлох болжээ.Ши Жин Пин засгийн эрхэнд гарснаас хойш 300.0 сая хүн дундаж чинээлэг давхаргад шилжиж 80 сая хүн үгүйрэл /ядуурал/-ээс гарсан аварга үзүүлэлтээр Хятад Улс хүний түүхэнд байгаагүй амжилт гаргаж урагшилсаар байна. Хятад улс үйлдвэрлэгч орон байхаас гадна хэрэглэгч улс болохыг зорьж байна. Тэд хүнсний аюулгүй байдал, орчны бохирдол гэдэг хоёр зүйлд асар их анхаарч байна. 2020 он гэхэд агаар дахь РМ тоосонцорын хэмжээг 60%-д хүргэж буулгах зорилт тавьжээ. Биелж ч байгаа бололтой. Бээжинд сурдаг ах эгч хоёр маань хүүхдээ энд авчирч салхилуулмаар байна гэнэ. Юун тэр Бээжингийн бохир агаар.
Одоогоос 10 жилийн өмнө би Монгол-БНХАУ хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээнд Монголын залуучуудын багт орж явсан. Энэ жил мөн дипломат харилцааны 70 жилийн ойн багт багтаж явлаа. Хувь зохиол гэлтэй эдгээр өндөр ойнуудын хооронд нийтдээ 29 удаа энэ орноор зорчижээ. Очих бүрт нэг зүйл өөрчлөгдөж нийгмийн хэрэглээ, флатформ болчихсон байдаг. Хөгжил гэж ийм зүйлийг ингэж өөрчлөгдөхийг хэлдэг юм байна гэдгийг ойр ойрхон энэ орноор зорчдог хүмүүс илүү нарийн мэдэрдэг байх. Эдийн засаг, техник технологийн хөгжлөөс гадна Хятадад сайн засаглал, нийгмийн оюун санааны үнэтэй том дэвшлүүд ч гарсаар байна. 10 жилийн өмнө биднийг 5 одтой буудалд угтаад үнэтэй архиар дайлаад, дарга нар нь том бенз, BMW хөлөглөөд явдаг байсан бол өдгөө 3 одтой буудалд нэг хүний 75 гр улаан виногоор дайлдаг болжээ. Дарга нар 24 м.кв-аас илүүгүй өрөөнд сууна. 2.0- оос доош мотортой машин унана. Үнэтэй чамин тавилга авахыг хориглосноос хойш Гуанжуогийн тавилгын захад босс стандартын тавилгын үнэ навс унажээ. Харин тэрийг ч манайхан зөөхөөрөө нэг болдог гэсэн.
Ванфужингийн номын дэлгүүрээр орлоо. Тэнд бидний хэсдэг H and M, Zara-гаас ч их хүн шамбааралдаж холхино. Авах гэсэн ном маань дуусч араас хоёр хоногийн дараа явуулна гэж байна. Аргагүй ном уншдаг ард түмэн юм гэж л бодлоо.
Бидэнд хөтөч хийсэн Төвд үндэстэн бүсгүй англи, франц хэлтэй. Франц нь ангилаасаа дээр гэж байгаа. Хоёр жилийн өмнө Шанхайн хамтын ажиллагааны хуралд оролцоход хөтөч хийсэн залуу Англи, Фортугаль, Испани хэлээр чөлөөтэй ярина. Тэд бүгд хорь эргэм насныхан. Залуучууд дор хаяж хоёр хэлийг эзэмших ёстой гэсэн хатуу өрсөлдөөнд өдөр шөнөгүй өөрсдийгөө дайчлах аж.
Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн залуучуудын форумд Монголын төлөөлөгчид үргэлжлээд оролцлоо. Худалдаа эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа сэдэвтэй эл хуралд ШХАБ-ын гишүүн орнуудаас гадна бүс ба зам төслийн оролцогч улсуудын төлөөлөл ирцгээжээ. Дэлхийн нийт хүн амын 60%, хуурай газрын 40%-ийг хамарсан энэ аварга сүлжээ манай орныг тойрч бий болно. Киргиз, Тажик, Узбек зэрэг өмнө дэд бүтцийн сул талаасаа болж Хятадын зах зээлд эрчимтэй тоглож чаддаггүй байсан олон орон нэг тээвэр, нэг зам, нэг хууль дүрмээр гарч тоглох боломжтой болно. Бидэнд боломж гэхээсээ илүү өрсөлдөөнийг авчирна. Харин бид чинь сарруу төмөр зам тавих тухай яриад сууж байгаа шүү дээ.
Хятад орон 5G технологид хамгийн түрүүнд бэлэн болжээ. Инноваци, технологийн ололт амжилтууд хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ болгосон олон шийдэл санаачлагуудыг хөгжүүлэх старт-апуудыг Хятадын үйлдвэр технологийн 13 том парк тасралтгүй хөгжүүлж байгаагийн нэг нь Чиндао-д байх аж.
Зөвхөн Чиндао хот гэхэд 163 оронтой худалдаа хийж 40 улс уруу шууд нислэг үйлдэж, 177 сая контенер нэвтрүүлж байгаа нь дангаараа Солонгосын төвшинд хүрч байгаа үзүүлэлт юм байна.
Бүс ба зам санаачлагын хүрээнд урьд өмнө яригдаж байгаагүй нэг зүйлийг сонслоо. Хятад орон авилгатай хатуу тэмцэж байгаа шигээ бүс ба зам санаачилгаа авилгаас ангид хөгжүүлэхийг зорьж байна. Нэгэн хуулийн фирмийн захирлын тавьсан илтгэлд ард түмнүүдийн харилцан итгэлцэл, бүс ба зам төслийг амжилттай хэрэгжүүлэх чухал үндэс суурь нь сайн засаглал, авилгаас ангид байдал гэж дурдлаа. Тэд оролцогч орнуудын хуулийн системийг гүн гүнзгий судалж, хоорондын уялдаа холбоог хангах, зарим чухал асуудлаар нэг тариф, нэг дүрэмтэй болох нь чухал гэж онцолж байна. Өөр нэг хурал дээр мөн иймэрхүү асуудал дурдагдаад "Монгол шиг хариуцлаггүй, авилга ихтэй оронд хөрөнгө оруулахдаа болгоомжлох ёстой. ямар ч ТЭЗҮ үр ашгийн тооцоогүй төмөр зам, сайн шандын парк зэрэг төсөлд орох шаардлаггүй" гэж хэлсэн сурагтай.
За нэг иймэрхүү. Нуршин байж тэмдэглэсний эцэст хоёр зүйл дээр ач холбогдол өгье гэж бодлоо.
Европ тивийн 44 орон 780 сая хүн амтай нэг Хятад 1.4 тэрбум хүн амтай. Бидний өмнө хоёр тив шиг аварга зах зээл байна.
Хятад орон 17 хөрштэй. Үүнийхээ 16- тай газар нутаг, хил хязгаарын маргаантай. Мөн дотоодын салан тусгаарлах үзэл, террор зэрэг өөрсдийг нь зовоосон асуудлууд ихтэй. Хамгийн урт буюу 4.3 мянган км хуурай газраар хиллэдэг манай орон цорын ганц хилийн маргаангүй хөрш нь. Бидэнтэй энх тайванчаар харилцах нь газар шороо, алт зэс юу юу ч билээ огт биш ердөө л өөрсдийнх нь аюулгүй байдлын зайлшгүй хэрэгцээ. Тийм учраас Хятад хүн Монголруу визтэй бид визгүй зорчиж байгаа. Хар хайрцагны бодлого гэж үгийг манай өвөг дээдэс Хятадуудад зориулж гаргасан байдаг. Хятад улс дайсагналаа ил зарладаггүй, зөөлөн хүчээр дайтахгүй найрах аргаар нөлөөгөө тэлдэг. Тэрийг нь мэддэг учраас бид ч бас бодлоо ил гаргахгүй, нүүрэндээ найрсаг дотроо бодолтой байхаа ийнхүү томьёолдог байжээ. Харин өнөөдөр бол амандаа орсноороо Хятадыг муулж, ингэнэ тэгнэ гэж ил зарладаг болж.
Ийм агуу амжилтуудыг сүрдэж сонссоор, бодож гутрах, боломж хайхын дундуур явсаар л ирлээ. Манайхан харин тоож байгаа ч юм уу үгүй ч юм уу бөө мэд. Оройдоо нэг чимдаамны юм гөвсөөр л ирлээ.
Мөнхсүх. 2019 он