УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор УИХ-ын захирамжаар томилогдсон ажлын хэсэг зарчмын гурван саналыг танилцууллаа. Үүнд:
-Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ. Хэрэв зургаан саяас дээш зээлтэй бол үлдсэн тэтгэврийн зээлийг иргэн өөрөө төлнө.
-Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадад Салхитын мөнгөний ордноос нэг сая төгрөгийн үнэт цаас гаргаж өгөх санал гарсан.
-Тэтгэврийн зээлийг зургаан сараас дээш олгохгүй байх гэсэн асуудлыг хэлэлцсэн.
Байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэв. Зээлгүй ахмадын нэг сая төгрөг 2021 оны тавдугаар сарын 1-нээс иргэнд очно гэж үзэж байна” хэмээв.
Я.Содбаатар “900 мянгаас дээш тэтгэвэртэй иргэд 6 саяас дээш зээл авсан гэсэн үг. Тэгэхээр 6 саяас дээш зээлтэй иргэд харьцангуй залуу буюу сүүлд тэтгэвэр тогтоолсон хүмүүс. Тиймээс зээл төлөх хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлана, үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна. Зургаан саяас дээш зээлтэй 21478 иргэн байна” гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд Ахмад бүрд тэгш хуваарилалт хийхгүй бол ШИНЭ намынхан жагсаал цуглаан хийнэ гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр хэлэлцэж байгаа энэ хуулийн төсөл нь тэтгэврийн зээл авсан ахмадуудад “зээлийг нь хаагаад өгье”, харин зээл аваагүй ахмадуудад “хохино” гэж байгаа юм шиг харагдаад байна. Өчигдөр ШИНЭ намын удирдах зөвлөл хуралдаж энэ хуулийг ахмадуудыг ялгаварлан гадуурхсан хуулийн төсөл гэж үзсэн. Иймд ШИНЭ нам бүх ахмадуудад ижил тэгш хувиарлах хэрэгтэй гэж үзэж байна. Ахмад бүрт шударга, тэгш хувиарлалт хийхийг ҮАБЗ-өөс хүсэж байна. Тэтгэвэр тэглэх 750 тэрбум төгрөгөөр аймаг тус бүрт 10 цэцэрлэг сургууль, 50-100 мянган хүний ажлын байр, 1000 км авто зам тавих боломжтой” гэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөж, уг хуулийн төслийг УИХ-ын чуулцганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.