
БНСУ-ын хилийн шалган дээр гарч буй хууль бус, хүний эрх зөрчсөн үйлдлийн талаар БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа мэдээлэл хийсэн. Энэ талаар Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодруулахад, "Монгол иргэд маань эх оронтой. Тэнд Хууль зөрчөөгүй, хил гаалиар нэвтрэхэд асуудал үүсгээгүй байхад хүлээж авч байгаа нөхцөл байдал маш хүнд байдаг. БНСУ-руу зорчиж байгаа манай иргэний нүүр рүү нь Immigration-ий ажилтан цаас авч шидсэн байна. Монгол Улс иргэдээ ингэж доромжлуулаад байж болохгүй. Бид нар энэ дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллах ёстой. Манай Монгол-Солонгосын парламентын бүлэг нийт 35 гишүүнтэй. Энэ бол нийт парламентийн гишүүдийн бараг 28 хувь. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулна. Маргааш 13.00 цагаас хуралдаж, ГХЯ-ны мэдээллийг сонсоно. Парламентийн түвшинд энэ асуудлыг гаргаж тавихаар ярьж байна" гэлээ.