Өвөлжилт, хаваржилт хүндэрч зуд нүүрлэсний улмаас 7.4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд, иргэдээс нийт 4.9 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлжээ. Өнгөрсөн жилийн зуданд 19 аймгийн 232 сум өртсөн байна. Иймд өвөлжилтийн бэлтгэлээ эрт базаахыг Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” илтгэл хэлэлцүүлэх үеэр "Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна. Өнгөрсөн жилийн зуднаар малчид ихээхэн хохирол амслаа. Манай онцгой байдлын алба хаагч нар ч эрвийх дэрвийхээрээ ажилласан. Иймд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангадаг болмоор байна.
Малын тоо толгойд бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэх зэрэгт анхаармаар байгаа юм.
Нөгөөтэйгүүр малчин өрх хувийн бэлтгэлээ маш сайн хангамаар байна. Хүүхдийнхээ хичээл сургуулийг тасалдуулахгүй байхад ч гэсэн малчид өөрсдөө анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байжээ гэсэн судалгаа гарсан. Сумын засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай байна” гэсэн юм.