Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЛХИЙН БАНК: Монгол Улсад зуд, үер, нүүрсний экспортын эрсдэл зэрэг нүүрлэвэл эдийн засагт том хүндрэл үүснэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 23 секунд

Хотоо харлуулж, зуданд хамаг малаа туусан малчид ирэх өдрүүдэд өвлийг өнтэй давах эсэх нь хүнд сорилт болж байна. Энэ жилийн өвөл хатуу болно гэдгийг цаг уурчид урьдчилан сануулж эртнээс бэлтгэлээ базаахыг зөвлөж буй.

Өвөлжилт, хаваржилт хүндрэх нь зөвхөн малчид төдийгүй бүх нийтийн хэмжээнд яригдах улс орны асуудал болохыг өнгөрсөн өвөл, хаврын төмөр зуд тод харууллаа. Малын хорогдлоос үүдсэн махны үнийн өсөлт, зуд дагасан “их нүүдэл” Улаанбаатарт ачаа нэмээд зогсохгүй ажилгүйдэл ядуурлын эрсдлийг ч дагуулсан.

Улмаар хөдөө аж ахуйн салбарын уналт эдийн засгийн өсөлтөөс чангааж буй нь тоон үзүүлэлтүүд харуулна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эдийн засгийн сорилт, хүндрэл бэрхшээлтэй Монгол Улс нүүр тулах эрсдэл байгааг Дэлхийн банк санууллаа. Энэ сэдвээр өнөөдөр тус банкны төлөөлөл болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл, эдийн засагчид нэгэн дор чуулав.

Хэрэв Монгол Улсад зуд, үер усны аюул, нүүрсний экспортын эрсдэл зэрэг тохиовол эдийн засгийн хувьд маш хүнд цохилт болохыг Дэлхийн банксанууллаа. Тэр дундаа, нүүрсний экспортоо алдаж болзошгүй гэдгийг сануулсан нь анхаарал татаж буй. Тус банкны төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

МОНГОЛ УЛСАД ЗУД, ҮЕР, НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ГУРВАН ТОМ ЭРСДЭЛ БАЙНА

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч ноён Хосе Луис Диаз Санчез: Юуны өмнө тайлангийн дүгнэлтүүд дээр ярихад Монгол Улс нэн тэргүүнд уур амьсгалын өөрчлөлтөд төвлөрч ажиллах хэрэгтэй байна. Уур амьсгалын хамгийн том эрсдэл нь үер усны аюул байгаа юм. Хур тундасны хэмжээ нэлээн өөрчлөлттэй ажиглагдаж буй тул хамгийн гол эрсдэл нь гэж үзэж байна. Хоёр дахь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх том эрсдэл нь зуд. 2000 оноос хойш таван жил тутамд нэг зуд тохиолддог байсан бол гурван жил тутамд тохиолдох эрсдэлтэй болж эхэлж байна. Гурав дахь хамгийн том эрсдэл нь Монгол Улс нүүрсний экспортоо алдах эрсдэлтэй байна. Дэлхийд гангийн үйлдвэрлэлд коксжих нүүрсийг их ашигладаг ч үүнээс татгалзаж уур амьсгалд ээлтэй бодлогын арга хэмжээнүүд авч буй учраас ийм эрсдэл байгаа юм. Ерөнхийдөө зөвлөмжүүд үндсэн гурван хэсэгт хуваагдаж буй. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаа сайжруулж, нүүрс төрөгчийн хийн ялгарлыг хөдөө аж ахуйд багасгах хэрэгтэй байна. Дэлхий нийтээр нүүрсний эрэлт багасах төлөвтэй байна. Үүнд бэлтгэх хэрэгтэй. Гуравт, сэргээгдэх эрчим хүчийг илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй. Нэг үгээр, үерийн давтамж нэмэгдэж, зудын асуудал, нүүрсний экспорт буурах энэ гурван эрсдэл нь нэг цагт давхцвал эдийн засагт маш хүнд нөлөөтэй байх болно.

МОНГОЛ УЛС ҮЕР, ЗУД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД БЭЛДЭЖ БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЁСТОЙ

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли: Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болж байна. Мөн адил Монгол Улсад сүүлийн жилүүдэд үер, зуд нүүрлэж байна. Тиймээс энэ бүх эрсдлүүдэд урьдчилж бэлдэх ёстой. Мөн баримт, нотолгоонд суурилсан бодлогууд хэрэгтэй байна. Монгол Улс бодлогын дэмжлэгээ алсын хараатайгаа нийцүүлэх ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтуудтай нийцүүлж байх ёстой. Иймд бодлогын өөрчлөлтүүд хийх нь чухал.

“Хүүхэд хөгжлийн карт“-ын 30 мянган төгрөгийн дэмжлэгт Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ
“Хүүхэд хөгжлийн карт“-ын 30 мянган төгрөгийн дэмжлэгт Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.