АН-ын 26 гишүүний санаачлан өргөн барьсан “9-р сарын 1” хүүхэд хөгжлийн тухай хуулийн ажлын хэсэг хуралдаж Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон хүүхдийн золиос болж буй хэргийн талаар мөн цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл сонсож байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “9-р сарын 1” хүүхэд хөгжлийн хууль бол хүүхдийн бие бялдар болон оюун санааны хөгжлийг анхаарч оюунлаг өв тэгш монгол иргэнийг хүмүүжүүлэхийн тулд “Хүүхэд хөгжлийн карт”-ыг бий болгохоор зорьж байгаа. Уг хуулийг УИХ дахь АН-ын бүлгийн 26 гишүүн санал нэгтэй санаачилсан бөгөөд одоогоор Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа.
Монгол Улс 34 жил хүүхдийнхээ оюуны болон бие бялдрын хөгжлийг анхааралгүй хаясан нь үнэн. Одоогоор хүүхдэд 100 мянган төгрөг өгдөг нь ихэвчлэн аав ээж нь өрх гэрийн хэрэгцээнд зарцуулсаар ирсэн. Харин хүүхэд хөгжлийн 30 мянга карт бол бонус хэлбэрээр картанд байрших тул эцэг эх ямар нэгэн зүйлд зарцуулах эрхгүй зөвхөн хүүхэд дугуйлан секцэнд хамрагдахад зориулагдах юм.
Хуулийн ажлын хэсэг Европын 9 орноор явж 2 жилийн турш судалгаа хийсэн байдаг. Европын орнууд энэ картыг хэрэглэдэг бөгөөд үр дүнд нь хүүхдийн хөгжил эрс өөрчлөгдөж гэмт хэрэгт холбогдох нь багассан байдаг" гэлээ.