Шадар сайд С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр аймгийн онцгой комиссыг хуралдуулж өвөлжилтийн бэлтгэл ажил, бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажил, бэлэн байдлыг хангахад орон нутаг төдийгүй Засгийн газар бүх салбарт онцгой анхаарч байна. Та бүхэн мэдэж байгаа байх, өвөлжилт, хаваржилт бидний таамаглаж төсөөлж байснаас илүү хүндрэлтэй, онцгой нөхцөл байдлыг шаардсан түвшинд хүрч байна. Зун нь үертэй, өвөл нь цас зуд ихтэй. Үүний тод жишээ 2023-2024 оны өвөлжилтийн хүндрэлүүд. Засгийн газар бүх талын нөөц боломжоо дайчилсан.
Асар их хүн хүч хөрөнгө зарсны эцэст өвлийг харьцангуй хүлээгдэж байснаас хохирол багатай даван туулсан. Гэхдээ 8 сая гаруй мал сүргээ алдсан нь бага тоо биш.
Тооцоолж байснаар 20 гаруй сая толгой малын хорогдол үүсэх эрсдэл байсан ч малчид маань өндөр зохион байгуулалттай ажилласан, бэлтгэлээ базаасан. Зудын эрсдлийг хийж аймаг орон нутагт хүргүүлж анхааруулсны үр дүнд малын махаа эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авч бэлтгэлээ базаасан.
Их хохирол амсаж нэлээн том сургамж авсан. Иймээс өмнөх жилүүдээс илүү анхаарах шаардлага үүсч байна. Өнөөдөр эрт хүйтэрч байна, эрт цас орж байна. Зарим аймаг орон нутагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, ялангуяа өнгөрсөн жил тохиосон төмөр зуд дахин давтагдах болзошгүй нөхцөл байна.
Өнөөдөр хүртэл Баянхонгор аймагт цас, хур тунадастай байгаа нь өнгөрсөн өвлийн нөхцөл байдлыг давтах дохио байж болзошгүй. Цаашид ийм нөхцөл байдал улам даамжирна. Ган, зуд хааяа нэг тохиолддог байсан бол жилд тогтмол учирч болзошгүй нөхцөл байдал ирж байгаа" гэлээ.