Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний болон МҮОНРТ үүсэн байгуулагдсаны түүхт 57 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 57 жилийн өмнө Монгол Улсын айл бүрийн хойморт шидэт хайрцаг заларч, улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлүүд төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон үйл явдал болсон билээ.
Телевизийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, зураглаач, уран бүтээлч, бүх ажилтанд телевизийн салбар үүсэж хөгжсөний ойн баярыг UBN.MN сайтын хамт олноос хүргэж байна.
"Eagle" телевизийн анкор, сэтгүүлч Ж.Төгсжаргал "Хэвлэл мэдээллийн салбарт олон нийтийн сүлжээ хурдтай орж ирэхийг телевизүүд тооцоолсон. Ийм учраас албан ёсны хуудсуудаа хөгжүүлж байдаг. Тэгэхээр олон нийтийн сүлжээ ба телевизүүд гэсэн тусдаа ойлголт биш харин уялдаж ажиллах тухай байгаа биз. Манай телевиз ийм байдлаар ажилладаг. Маш чухал нэг зүйл бий. Үзэгч, уншигч аль ч нь бай энэ хоёрын зааг ялгааг сайтар таньж сурах хэрэгтэй. Фэйсбүүкээр жишээ татая л даа. Фэйсбүүк бол сайн флатформ. Гэхдээ сул талууд бий. Жишээ нь “ҮНЭН БАЙХ” гэсэн хамгийн чухал зарчим. Энэ фэйсбүүк хуудсыг ямар байгууллага, эсвэл хувь хүн ажиллуулдаг, тэд үнэхээр мэргэжлийн баг мөн үү. Эсвэл өөр зорилгоор ажиллуулж байна уу. Тэдний нийтэлсэн мэдээлэл үнэн зөв үү гэсэн хамгийн энгийн асуултыг уншигч, үзэгч болгон тавьбал энэ фэйсбүүк хуудсанд итгэж болох уу гэдэгт хариулт нь маш тодорхой гарч ирнэ. Ер нь бол энэ асуултад бүдэрч байгаа хэнийг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэхгүй. Тийм учраас олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг уншсан ч албан ёсны эх сурвалжаас баталгаажуулаагүй тохиолдолд уншигчид тэр мэдээлэлд шууд итгэхээс илүү ЭРГЭЛЗДЭГ байх хэрэгтэй. Энэ үед л мэргэжлийн редакцийн гол ялгаа тодорч гарч ирнэ. Үндэсний хэмжээний судалгааны MMCG байгууллагаас хийсэн судалгааг дурдмаар байна. Тэд иргэдээс: Та мэдээллээ хаанаас авдаг вэ? гэсэн асуултад олон нийтийн сүлжээ телевизээс арай илүүрхсэн байна. Харин олон нийтийн сүлжээнд та итгэдэг үү? Телевизэд итгэдэг үү? гэсэн асуултад телевизийн итгэдэг гэсэн үзэгчдийн тоо олон нийтийн сүлжээг ардаа орхижээ. Тэгэхээр телевизэд итгэх олон нийтийн итгэл хэвээрээ байна гэж харж байна. Харин телевизүүд төрөлжиж, илүү мэргэжлийн болох хэрэгтэй. Тэгэхгүй бол жижиг зах зээл дээр ялгарахгүй шүү дээ.
Телевиз бол технологийн салбар. Тэгэхээр ирээдүйд технологийн өөрчлөлтөд хамгийн их хувьсах нь телевиз. Хэдийгээр одоо хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа ч боловсронгуй болтол хугацаа орох байх. Тооцооллын аргууд дээр технологийн дэвшлийг илүү ашиглаж байгаа харагддаг. Гэхдээ л хүн төвтэй байх нь гарцаагүй. Ирээдүйд мэргэжилтнүүд сэтгүүлчээр ажиллах байдал телевизийн салбарт ч нэмэгдэнэ. Жишээ нь, эдийн засагчид эдийн засгийн анализ хийж, улс төр судлаачид улс төрчдийг шүүмжилж эфирээр ярих нь итгэл үнэмшилтэй. Гэхдээ, мэдээж тэд хараат бус байдлаа хангах нь хамгийн том шалгуур болно. ЯГ өнөөдрийн миний хийж байгаа ажлын /хөтлөгчийн/ хувьд робот мэдээ унших нь цаг хугацааны л асуудал гэж боддог /инээв/. Гэхдээ хүмүүс АМЬД харилцааг илүү чухалчихсан хэвээрээ байна гэдэгт огт эргэлздэггүй" гэв.
МСНЭ-ийн Телевиз хариуцсан Дэд ерөнхийлөгч Ч.Бат-Оргил "Монголын телевизийн салбар эдийн засгийн хувьд бүрэн биеэ дааж чадаагүй ч контент үйлдвэрлэлийн хувьд бусад улс оронтой өрсөлдөх бүрэн боломжтой болсон гэж үздэг. Хэрэглэж байгаа техник хэрэгсэл ч олон улсын түвшинд очсон. Хүн ам багатай учраас эдийн засгийн бие даасан байдал, түүнийг дагаад цалингийн асуудал амаргүй. Бэлтгэсэн боловсон хүчин бусад ТВ, сайд зэрэг ХМБ-уудад явчихдаг боловсон хүчний асуудал хүнд байна. Сошиал медиа ТВ салбарын өрсөлдөгч гэж би хувьдаа хардаггүй. Харин зэрэгцэн хөгжиж нэгнийхээ дутууг гүйцээх нь чухал. Урд хөршид гэхэд телевизийн хүртээмж 50 хувь, сошиал медиа 50 хувь гэж тооцон зэрэг хөгжүүлэх чиглэлд яваад эхэлсэн. Бид ч 57 жилийн түүхэндээ урагш алхалт хийсээр л байна. Бүх асуудлыг тайлал нь өөрөө мөнгө. Одоо бидэнд сошиал медиа хэрэглэгчид маань мэдээлэлд шүүлтүүртэй хандахад чиглэсэн боловсрол олгох асуудал байна" гэлээ.
NTV телевизийн сэтгүүлч Б.Ундрахжаргалант "Сошиал медиа гарцаагүй хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд том сорилт болж байна. Гэхдээ тэнд үнэн, хуурамч, зорилготой, нэг талыг барьсан янз бүрийн мэдээлэл хөвж явдаг. Харин мэргэжлийн медиа бол хүний эрхийг дээдэлж, тэнцвэртэй, нухацтай мэргэжлийн л ажилласаар байх болно. Тэгэхээр бид цаашид сошиал медиаг эфиртэй адил авч үзэх хэрэгтэй болсон гэж бодож байна. Энэ бол нийтийн өмнө хүлээсэн бидний хариуцлага юм. Бидэнд үзэгчид итгэдэг хэвээрээ байгаа" гэлээ.
TV5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат "Телевиз нь хамгийн бодит, үнэн эх сурвалж бөгөөд мэргэжлийн редакцтай байгууллага юм. Монголд телевизийн салбарт олон хууль, эрх зүйн зохицуулалт байдаг. Харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн хуулиуд зэрэг нь телевизийн үйл ажиллагааг зохицуулж, ёс зүйтэй хэм хэмжээнд нь барьж байдаг. Цахим сошиал орчин Монголд их хөгжиж байгаа ч, мэдээ мэдээллийг хэн түгээж байгаагийн хувьд телевиз чухал үүрэгтэй. Иймд, сэтгүүлчид ёс зүйтэй ажиллах юм бол мэргэжлийн сэтгүүлч шиг харагдах боломжтой" гэв.
C1 телевизийн сэтгүүлч Д.Батсүрэн "Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөн буюу зурагт гэрийн хойморт залраад 57 намар болж байна. Ууган ТВ болох МҮОНРТ-ийн хамт олон болон телевизийн салбарт хүчин зүтгэж буй бүх хүмүүст баярын мэнд хүргэе. Өмнө нь телевизүүд өрсөлдөгчгүй байсан бол одоо хүмүүс мэдээллийг олон сувгаар, хязгааргүй авч байна. Ийм мэдээллийн шуурганы дунд телевизүүд үнэ цэнээ хадгалж, редакцтай хэвлэлүүд илүү мэргэжлийн байж ялгарах ёстой. Сошиал сэтгүүл зүй ч сорилт болж байгаа бөгөөд цахим сэтгүүлийн хөгжлийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ мэргэжлийн редакцуудын үүрэг, үнэ цэнэ хэвээр байна. Сошиал медиа дээр явж байгаа хуурамч мэдээллийг ялгахгүй хүмүүс олон байдаг. Иймд сэтгүүлчдийг буруутгаж, гүтгэж шүүмжлэх хүмүүс ч бий. Үзэгчид, уншигчид мэргэжлийн сэтгүүл зүйг ялахгүй болтлоо өргөжсөн байна. Цаашдаа сошиалаас ялгарсан мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө олон редакц нэгдэх шаардлагатай гэж бодож байна" гэлээ.
С.Гүндэгмаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!