2024-2025 оны хичээлийн шинэ жил болох гэж буйтай холбоотойгоор бэлтгэл ажлын талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн тухайд,
Боловсролын нийт 2421 сургалтын байгууллагад 54189 үндсэн багш ажиллаж байна. Үүнд:
-Сургуулийн өмнөх боловсролын сургалтын 1410 байгууллагад 9733 багш
-Ерөнхий боловсролын сургалтын 871 байгууллагад 36993 багш
-Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын 69 байгууллагад 2351 багш
-Дээд боловсролын сургалтын 64 байгууллагад 5112 багш тус тус байна.
Үндэсний хэмжээнд Боловсролын ерөнхий хууль болон бусад хууль, тогтоомжид үндэслэн “Багшийн хөгжил”-ийн талаар зарим тогтолцооны шинэчлэл, шилжилтийг эхлүүлж, хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд:
-Багшийн мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн тогтолцооноос багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих тогтолцоонд...
-Байгууллага санхүүжүүлдэг арга хэлбэрээс багшаа санхүүжүүлдэг арга хэлбэрт...
-Танхим төвт сургалтын арга хэлбэрээс цахим-танхим хосолсон сургалт, платформ суурьтай ажлын байран дахь сургалтад...
-Батлагдсан нэг хөтөлбөрт сургалтаас сонголтот, багшийн хэрэгцээнд суурилсан агуулгад... шилжих үйл явцыг хэрэгжүүлж эхлээд байна.
-Дээрх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд өмнөх хичээлийн жилд 736 сургууль, 939 цэцэрлэгийн 37.902 багш, ажилтан 152 “Модул сургалт”-аас өөрийн хэрэгцээнд үндэслэн сонгож, ажлын байрнаасаа цахим платформоор суралцаж, давхардсан тоогоор 52.965 батламж авсан бол үндсэн сургалтад хамрагдсан 6340 багш шаардлага хангаж батламжаа авчээ.