УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж УИХ дахь МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм.
Тодруулбал хуулийн төслийн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Амартүвшин, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Г.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд англи хэлийг тусгах эсэх асуудалд эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлсэн билээ.
Тэгвэл Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс боловсролын сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна гэсэн агуулга хэмээн байнгын хорооны хуралдаанд санал гаргасан байдаг. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төслийн зарчмын зөрүүтэй санлуудыг хэлэлцэх үеэр тэрбээр "Боловсролын ерөнхий хууль маш чухал. Бид ард иргэдийнхээ хүүхдүүдийг хөрөнгө чинээнээс үл хамааран жигд боловсрол олгоно гэдэг бол туйлын том зорилго.
Өнөөдрийн бидний яриад байгаа гол асуудал Үндсэний хөтөлбөрт орчихсон зүйлийг хуульчлах гээд байгаа сонирхол хаана байгаа вэ гэдэг л чухал байна. Бид 200 жил Манжийн дарлалд байхдаа манж хэлийг үндсэн гадаад хэл болгоогүй. Тийм л хүчирхэг Монгол үндэстэн. Бид 70 жил ЗХУ-ын эдийн засаг, улс төрийн хамааралд байхдаа хуулиндаа Орос хэлийг үндсэн хэл болгож судлаагүй. Бид ардын хүүхдүүдийг Англи хэл сургахгүй гэдэг бодолтой нэг ч УИХ-ын гишүүн энэ зааланд байхгүй. Ард түмнийг тайван байлгаач, Бид ард түмний хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө хичээж сууж байна. Энэ хуулийг батлуулахын төлөө бүгд хичээн ажиллаж байна.
Монгол түмний зүрх сэтгэлд байдаг эх оронч үзэл бол Монголын хар хайрцаг юм. Бид энэ хуулийг дэмжих болно. Мөн миний гаргасан саналыг та бүгдийг дэмжихийг хүсэж байна. Ингэж дэмжсэнээрээ Монголын нэг ч хүүхдийг Англи хэлгүй болгох бодлого биш. Энэ хуульд угаасаа байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье" хэмээв.