Хүрээ цам-Даншиг наадам ирэх сарын 3,4-нд Хүй долоон худагт болно. Ёслолын үйл ажиллагаатай холбоотойгоор лам нар бэлтгэлд ажлаа хангаж эхэлсэн талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэв. Энэ талаар цахим хуудаснаа "Цам нь бурханы шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтах ба нууц тарни буюу очирт хөлгөний анхааран авлага болдог юм.
Тодруулбал цамын зан үйл нь нууц тарнийн ёсны амарлингуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хураагч, хатуу үйлүүдээс хатуу үйлдээ хамаардаг зан үйл болой. Иймээс цамчид Ямандаг бурхны авшиг, Чойжалын даган соёрхлыг хүртсэн, Ямандаг Бурханы нямба бүтээлийг үйлдсэн бясалгалчид байдаг.
Цамд гарах лам нар ийнхүү бэлтгэлээ базааж нууц тарнийн ёсны нинба бүтээлээ Жигжид бурхны үүднээс үйлдэж байгаа нь энэ болой. Өнөөдөр буюу зуны адаг сарын хуучны 18-ны өдөр жинсрэг цутгаж бүтээл гадаалж байна" гэжээ.