Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.