Ардын намынхан шинээр байгуулагдах УИХ, Засгийн газрынхаа зарим нэг томоохон томилгоонуудынхаа эхлэлийг өнөөдөр тохирсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилохоор дарга нарынхаа түвшинд тохироод байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж хамтарсан Засгийн газар байгуулах эсэх асуудлаараа зарчмын байр сууриа илэрхийлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Ерөнхий сайд нэгдүгээрт, 126 гишүүнтэй салбар бүрийн төлөөллийг багтаасан парламент байгуулагдсан учраас олон улсын жишгийн дагуу хамтарсан Засгийн газар байгуулах боломжтой гэдгийг онцолсон байна. Гэхдээ зарчмын хувьд нэгдүгээрт, хамтарсан тохиолдолд Засгийн газрын түвшинд ямар ажлуудыг гараас гаргах хөтөлбөрийн төлөвлөгөө дээрээ АН болон ХҮН намтай тохирсон нөхцөлд л хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг ярьж эхлэнэ гэдгээ илэрхийлжээ.
Өөрөөр хэлбэл, хөтөлбөр тохирсон нөхцөлд хамтрах тухай ярина. Үүнийхээ дараа Засгийн газрын бүтцийг асуудлыг ярилцаж хуулийн дагуу шийдвэрлэнэ. Бүтцээ ярьж тохиролцож чадвал сайд нараар хэнийг томилох тухай зөвшилцөж, шинэ Засгийн газраа бүрдүүлэх бөгөөд ирэх ирэх намар 2025 оны төсвийг хамтарсан Засгийн газрын зүгээс оруулж ирнэ гэжээ.
Уг хөтөлбөрт нь эрчим хүч, орон сууц, нийслэлийн хэт төвлөрөл, авлига хулгайн асуудал, баялгийн сангийн тэгш хүртээмжтэй хэрэгжилтийг хангах зэрэг голлох бодлогууд багтсан байх аж. Хэрвээ АН болон ХҮН намынхан Ардын намтай эдгээр асуудлууд дээр нам харгалзахгүй тохирч ажил урагшлуулахаар тохирч чадвал дараагийн шатны асуудлуудыг дээрх дарааллаар ярих юм байна.
Хэрвээ МАН-аас тавьж буй эдгээр хөтөлбөрүүдийн зорилтыг хангахын төлөө намууд хамтарч ажиллаж чадахгүй гэвэл Ардын намынхан дангаараа Засгийн газар байгуулаад явна гэх байр суурийг Ерөнхийлөгчид илэрхийлсэн байна.
Мөн ирэх оны төсвийн асуудлыг Засгийн газар байгуулагдсны дараагаар ЗГ-ын мөрийн хөтөлбөр, дээрх хөтөлбөрийн хүрээнд ирэх намрын чуулганд өргөн барих ажээ.