Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭТГЭЛЗҮЙЧ: ЭЕШ өгөх хүүхдэд “Чи мундаг болохоор чадна аа” гэж хэлэх нь хариуцлага хүлээж буй мэт мэдрэмж төрүүлж, дарамт мэдрүүлдэг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 16 секунд

Төгсөх ангийн сурагчид бие болон сэтгэлийн зовуурьтай нүүр тулах нь элбэг. Үүнтэй холбоотойгоор БҮТ-өөс элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Энэ талаар "Сэтгэлийн гэгээ" сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, доктор Ч.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Шалгуулагчдад сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хэзээнээс өгч эхлэв. Хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Бид өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгч эхэлсэн. Долоодугаар сарын 10-ныг дуустал үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Өнөөдрийг хүртэл хэд орчим шалгуулагч зөвлөгөө авахаар холбогдсон бэ. Тэдэнд тулгардаг нийтлэг асуудал юу байна вэ?

-Бид чатбоксоор, утсаар мөн шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 670 гаруй шалгуулагч холбогдож, зөвлөгөө аваад байна. Мөн нийслэлийн 10 гаруй ахлах сургуулиар явж төгсөх ангийнханд зөвлөгөө өгч ажилласан. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тусгай хэрэгцээт хүүхэд 22 байгаа. Бид тэдэнд утсаар болон бүлгийн зөвлөгөө өгсөн.

Сурагчид дөрөвдүгээр сард Монгол хэл, бичгийн Улсын шалгалтаас үүдэн сандралаа даван туулахын тулд холбогдож байсан.

Гэтэл сүүлийн үед “Шалгалтдаа удаан хугацаанд бэлдсэн ч бодсоноос хангалтгүй байсан. Энэ байдлаараа ЭЕШ-аа амжилтгүй өгвөл яана аа” гэж ярих нь нийтлэг болоод байна. Үүнээс гадна “Би шалгалт өгөхөөс айхгүй байна. Гол нь шалгалт өгөхдөө танихгүй хүмүүсийн дунд суухаас айж байна” гэж хэлдэг.

-Тэгвэл айдас, түгшүүр хэрхэн илэрдэг вэ. Мөн сандралаа даван туулахын тулд ямар дадлуудыг өөртөө суулгах хэрэгтэй вэ?

-Айдас, түгшүүр гэдэг хүн бүрд харилцан адилгүй байдаг. Айдас гэдэг одоо цагт үүсдэг. Харин түгшүүр нь ирээдүй цагт үүсдэг. Хүн болгон өдөр тутмынхаа амьдралд ямар нэгэн байдлаар айдас түгшүүрт автаж байдаг. Сандарч, айж түгших үед амархан уурлах, стресстэх болон “Би чадахгүй” гэсэн бодол төрдөг. Мөн гар хөлрөх, зүрх салгалах, ам цангах нь нийтлэг байдаг.

Тиймээс хүн сандарсан үедээ их хэмжээний ус уудаг нь ажиглагдсан. Гэтэл стрессийн гормон нь бөөрөнд байдаг тул хэт их ууснаар илүү ачаалладаг. Иймд сандарсан үедээ усыг аль болох бага багаар уух хэрэгтэй.

Мөн тайвшрах энгийн хэр нь үр дүнтэй аргууд олон байдаг. Үүнд зөв амьсгалах болон булчин суллах дасгал багтдаг. Мөн өдөр тутамдаа тодорхой хэмжээнд дасгал хийж, тогтмол цагт унтаж хангалттай нойр авах хэрэгтэй. Юуны түрүүнд ойр дотнынхоо хүнтэй ярилцах нь хамгийн зөв. Тэгсэн ч айдас түгшүүр багасахгүй бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

-"Чи мундаг болохоор чадна аа” гэдэг үгнээс хүүхэд урам авдаггүй. Харин ч эсрэгээрээ хариуцлага хүлээж буй мэт санагдаж, дарамт мэдэрдэг-

-Шалгуулагчийн сэтгэл зүйг өргөж, тайван байхад эцэг, эхийн оролцоо ямар байх ёстой вэ?

-Мэдээж хэрэг элсэлтийн шалгалт маш чухал асуудал. Тийм ч учраас эцэг, эхчүүд ихээхэн анхаардаг. Ингэхдээ “Хичээлээ хийж байна уу, хичээлээ хийгээрэй” гэж хэлэх нь элбэг. Зарим нь өөрсдийн хүссэн мэргэжлийг тулгах нь ч бий. Энэ бүхэн хүүхдэд дарамт болж мэдрэгддэг. Мөн урам өгөх зорилгоор “Чи мундаг болохоор чадна аа” гэж хэлдэг. Энэ үед хүүхэд урам авдаггүй. Харин ч эсрэгээрээ хариуцлага мэдэрдэг.

Мөн хичээл сонголтоос өмнө сургуулиудаар бүлгийн зөвлөгөө өгч явсан. Тэр үед “Энэ миний сонгосон мэргэжил биш ээ. Манай гэрийнхэн миний сонгосон мэргэжлийг нийгэмд эрэлтгүй гээд энэ чиглэлээр суралц гэсэн” гэж хэлэх хүүхдүүд олон байсан. Тиймээс бид сүүлийн 14 хоногийн хугацаанд чатбоксоор зөвлөгөө авч байгаа сурагчдаас асуулга авсан. Ингэхэд эцэг, эхийн зүгээс ямар нэгэн шахалт мэдрэх нь харьцангуй бага. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээний дарамтыг мэдэрсээр байдаг гэсэн дүгнэлт гарсан. Мөн гэрийнхэн нь хол, өөр аймагт ажилладаг хүүхдүүд аав, ээжийгээ санах, цаашлаад “Намайг тоодоггүй” гэж бодсоноор ганцаардсан, хоосон мэдрэмж авдаг байна.

-Танай зөвлөгөө өгөх үйлчилгээнд дандаа төгсөх ангийн сурагчид холбогдож байна уу. Эсвэл эцэг, эх болон сургуулийн зүгээс холбогдож байна уу?

-Ихэнхдээ төгсөх ангийнхан холбогддог. Гэхдээ чатбоксоор зөвлөгөө авч байгаа сурагчид дунд 5, 9 болон 11-р ангийн сурагчид олон байсан. Тэдгээр хүүхдүүд “Би дунд /ахлах/ ангид орох шалгалт өгч байгаа. Надад бас зөвлөгөө өгөөч” гэж их хэлдэг. Энэ нь дан ганц төгсөх ангийн сурагчдад биш. Харин бүх сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй байдгийг харуулж байна. Үүнээс гадна эцэг, эхчүүд ч мөн холбогддог. Тэгээд “Надад зөвлөгөөг нь өгчих өө. Би очоод хүүхдийнхээ тухай яриад өгье. Бид түүнийг 100 хувь мэднэ” гэж хэлдэг. Гэвч үнэндээ хэн нэгэн ирээд өөр хүний сэтгэл зүйг ярина гэж хэзээ ч байхгүй шүү дээ.

-Орон нутгаас холбогдож зөвлөгөө авч байгаа сурагчид бий юу?

-Хүүхдүүд тодорхой шалтгааны улмаас өөрийгөө нууцлахыг хүсэж байж болно шүү дээ. Тиймээс бид утсаар зөвлөгөө өгөхдөө хэн, хаанаас холбогдож байгааг асуудаггүй. Харин хүүхдүүд ярихдаа “Би орон нутгаас холбогдсон, зөвлөгөө авч болох уу” гэж асуух тохиолдлууд байдаг. Ерөнхийдөө мэдэгдэж буйгаас дийлэнх нь нийслэлийн хүүхдүүд байна. Гэсэн хэдий ч сүүлийн 14 хоногийн хугацаанд орон нутгийн хүүхдүүд ихээр холбогдсон. Орон нутгийнхан тэр бүр ирэх боломжгүй учир утсаар холбогддог. Тиймээс ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 8808-1549, 8955-1549 дугаараар зөвлөгөө өгсөөр байгаа.

Ярилцсанд баярлалаа

Б.МӨНХЗАЯА

Нэг хүнд ногдох ДНБ өссөн гэх “молиго”
Нэг хүнд ногдох ДНБ өссөн гэх “молиго”
 
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.