Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өглөө нь гандан, орой нь “гяндан”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 31 секунд

Монголчууд өчигдөр Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тав дахь жилдээ бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүллээ. 2020 оны босгон дээр монголчуудын амрах өдөр нэгээр нэмэгдэж, Их дүйчин өдрийг бүх нийтийн амралт болгох хуулийн төслийг УИХ-аас баталж байв. Тухайн үедээ л олны шүүмжлэл, талцал дагуулж байсан энэ хуулийг баталсан зорилгыг улс төрчид, шашин судлаачид, Гандантэгчинлэн хийдийн лам нар “Буянд шамдах, сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлснээр уламжлалт шашин, соёлоо үр хойчдоо өвлүүлэх, эв нэгдлийг бий болгох ач холбогдолтой” гэж тодорхойлж байв.

БААСАН ГАРАГ ШИГ ДҮЙЧИН ӨДӨР

Энэ өдрийн утга учир нь 10 хар нүглийг тэвчих, бусдад сайн үйл үйлдэх, сэтгэлээ шинжих бурхан тахилдаа мөргөхөд оршино. Энэ ч утгаараа өглөөнөөс үд хүртэл Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дарагдаж өнгөрдөг. Өчигдөр ч бас ийм дүр зурагтай байлаа. Үнэн хэрэгтээ өглөө нь гандан орж мөргөөд шөнө нь архи ууж, агсам согтуу тавьж бусдыг зодож гэмтээснээрээ 10 хар нүгэл тэвчих нь байтугай түүнээс ч их хэрэг тарих болжээ. Нар жаргахад л эмнэлэг, цагдаагийн газар элдэв хэрэг тарьсан агсарсан согтуу залуусаар дүүрч байна. Бас бусдыг дайрахад ч бэлэн хөлчүү жолооч нар хаа сайгүй. Тиймээс цагдаа нар шөнө гудамж, зам талбайд драгер үлээлгэж байлаа. Согтуу жолооч нарыг замаас гарган зогсоосон нь ч цөөнгүй.

Их дүйчин өдрийн утга учир үнэндээ алдагджээ. Бурхан тахилдаа залбирч, өөрийн сэтгэлээ шинжих нь байтугай гэр бүлдээ тайван нэг өдөр өнгөрүүлж чадахгүй халамцуу хөлчүү залуус баар, караокены гадаа зодолдож, архи хайж сүлжээ дэлгүүр хэссэн залуус, эрүүлжүүлжүүлэх “дүүрсэн” нэгэн шөнө өнгөрлөө. Яг л Баасан гараг, тэмдэглэлт баярын өдрүүд шиг. Зэрэгцээд гэмтлийн эмнэлэгт нүд хальтрам дүр зураг угтав.

ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ НӨХӨРТӨӨ ЗОДУУЛСАН ЭМЭГТЭЙ, БЭРТЭЖ ГЭМТСЭН ХҮҮХЭД Ч ИРЭХ НЬ ХАРАМСАЛТАЙ

2024.05.24-нд шилжих шөнийн 00:10-01:30 цаг: Цусандаа будагдсан хижээл насны эрэгтэй эмч нараар түшүүлсээр эмчийн үзлэг рүү орлоо. Дээр нь согтуу. Гэмтсэн шалтгаан нь бусдад төмрөөр цохиулжээ. Удалгүй нөхөртөө зодуулсан гэх залуухан эмэгтэй хамраа дарж уйлсаар дугаарласан хүмүүсийн урдуур орж эмч бараадав. Түүнд өвдөлтөө тэсэхэд хүнд байгаа нь нүдэнд илхэн. Хажууд нь сандарч тэвдсэн ээж нь ард нь дугаарлах өчнөөн хүн байгааг анзаарах сөхөөгүй яваа бололтой.

Шөнө дунд бороо орж байхад нимгэн цамц, ягаан өнгийн гэрийн углааштай гэрээсээ шууд гарсан болов уу гэмээр тэр эмэгтэйг харвал 30 нас ч хүрээгүй залуухан. Хамт байх ээж нь охиныхоо гэр бүлийн амьдралыг ах дүү нартайгаа ярих хооронд түмэнд дэлгэж орхих нь тэр.

“Яана аа, хамар нь хугарсан байх вий дээ. Залуу хүүхэд шүү дээ нүүр нь муухай болох вий гэдгээс л санаа зовж байна. Ямартай ч эмчид үзүүлье. Хажууд уйлаад л байна. Өнөөх хар юм нь дахиад гар хүрчээ. Энэ удаа хэрхэвч зүгээр өнгөрүүлэхгүй. Амьд мэнд дээр нь салгана” гэж утсаар ховлох нь дүлий хүн ч дуулахаар тод.

Гэмтлийн эмнэлгийн хаалгаар доголсон, тэврүүлсэн, толгойдоо хүнд бэртэл авсан, насилка дээр хүргүүлсэн гэх мэт олон шалтгаанаар гэмтсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн өдөр шиг байлаа. Хөнгөн бэртлээ гэхэд мэс заслаас холуур өнгөрч гар, хөл, толгойгоо цагаан даавуугаар боолгуулна. Зол дайрлаа гэхэд аминаас наагуур өнгөрч мэс засалд орох нь энүүхэнд.

Дайны хажуугаар дажин гэгчээр эмчийн хаалга онголзуулах хүмүүсийн гуйлт, оочир дугаарын хэрүүл давхар ачааллыг нэмдэг байна.

Эмч нарын оргил ачааллын үе нь 23:00-03:00 цаг хүртэл гэнэ. Ялангуяа бүх нийтийн амралтын өдрүүдэд ачаалал нь таазандаа тулдаг хэвээрээ. Уг нь Яаралтай түргэн тусламжийн тасагт үзлэгийн 6 эмч ажиллаж байгаа ч урт дараалал 20:00 цагаас эхлэн тасраагүй болохыг Яаралтай түргэн тусламжийн тасгийн гэмтлийн эмч эмч П.Баттулга хэлсэн. Тэрбээр “Оргил ачааллын үед хүмүүс 00, үүд хүртэл дугаарладаг. Шөнө дунд 02:00 цагаас хойш бага зэрэг татарна. Ачаалалгүй үе гэж байхгүй. Согтуу хүмүүсээс илүү хүүхдийн бэртэл их байна. Ахуйн осол, механик гэмтэл их. Яс нь маш их сийрэгжсэн байна. Энэ нь сахартай ундааны хэрэглээтэй шууд холбоотой. Хэрэв хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол манай эмнэлгийн дэргэдэх цагдаагийн нэгж хэлтэс шалгана.

Хатуухан хэлэхэд эцэг эхчүүд хүүхдээ нохойноос ч дор харж байна. Нохойг өдөрт багадаа л гурван удаа салхилуулж хооллож арчилдаг шүү дээ. Гэтэл хүүхдээ тоохгүй, ажилдаа хэт анхаарч бэртэж гэмтсэнийг нь ч мэдээгүй байх нь нийтлэг анзаарагдаж байна.

Зарим хүүхэд гэмтэл авснаасаа хойш хоёр, гурван хоногийн дараа ирж байна шүү дээ. Хэдийгээр ажил чухал ч хүүхдээ хайхрахгүй байна. Удахгүй зуны амралт, аялал зугаалгын улиралд ачаалал өнөөдрийнхөөс илүү нэмэгдэж орон нутагт зам тээврийн ослууд ихэснэ. Энэ үед хүнд өвчтөнд зарцуулах цаг ихэснэ” гэлээ. Үргэлжлүүлэн түүнээс Их дүйчин өдөр эмнэлгийн ачаалал ихэссэн шалтгааныг асуувал “Тодорхой хэлж мэдэхгүй. Бүх нийтийн амралтын өдөр хүмүүс гэртээ тайван цагийг өнгөрүүлж байх ёстой шүү дээ. Гэвч харж байгаа биз дээ, ачаалалтай л байна” гэв. Түүний хувьд 100 гаруй хүнд үзлэг хийжээ.

Яаралтай түргэн тусламжийн тасгийн зургаан эмч дор бүрнээ толгой өндийх завгүй, дугаарлах хүмүүсийн цуваа тасрахгүй. Тэдний дунд харахад л өр өвдмөөр гэмтэж бэртсэн хүүхдүүд их байв. Гар, хөл, толгойгоо боолгуулсан нь нийтлэг. Ялангуяа жаахан хүүхдийн уйлах дуу эмнэлгээр хадах нь сонсоход зүрх өвтгөнө. Гэтэл зарим эцэг эх хүүхдээ тоосон шинжгүй, эмнэлгийн бараа харсандаа сэтгэл нь амарсан байдалтай харагдана. Хүүхэд нь бэртсэн байтал утсаа оролдож “болгоомжгүйгээсээ л бэртлээ” гэж хээвнэг ярьж сууна.

Нүүрнийх нь тал бүхэлдээ хавдаж халцарсан, нүд нь хөхөрч золтой л сохлохоос наагуур өнгөрсөн бололтой жаахан охин эмчид үзүүлэхээр ээлжээ хүлээх. Тэр дөнгөж дөрөвдүгээр ангийн сурагч аж. Ээж нь ярихдаа “Дүйчин өдөр гэж бүх нийтээр амрах ганц өдөр эзгүй хойгуур тоглож байгаад бэртжээ. Бөмбөг хөөж гүйж байгаад шатнаас унасан гэсэн. Их цус гарсан юм билээ. Болгоомжгүйгээсээ болоод л бэртэж байхгүй юу. Уг нь ч гэрт харах хүн байсан л даа, үеийнх нь охин” гэж тоомжиргүй ярилаа. Эцэг эхчүүдийн зүгээс “ажилдаа явсан хойгуур хүүхэд нь бэртлээ” гэх хариултыг нийтлэг өгч байсан юм. Зарим нь ч хүүхдэдээ үнэхээр санаа нь зовж уйлахад нь аргадаж сандарч байгаа нь илхэн. Хэдийгээр Бүх нийтийн амралтын өдөр байсан ч хувь, хувьсгалын олон ажил хүний амьдралд гарахыг хэн мэдэх билээ.

Нөгөөтэйгүүр, бэртэж гэмтсэн хүүхдүүдийн дунд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нь ч байв. Үзлэгийн эмч “Таныг хүүхдийн биед санаатайгаар гэмтэл учруулсан гэж цагдаад өгнө шүү. Ямар тайван юм бэ” гэж ууртайгаар ярих нь өрөөний цаана сонстов.

Эмчийн хаалга сахиж дугаарласан хүмүүсийн дийлэнх нь л зодоон хийсэн, бэртсэн шалтгаантай. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэгэн шөнө ёолсон тусламж гуйсан хүмүүс хөлхөлдөж, эмч нар гүйлдсэн ачаалалтай өнгөрч байгаа нь энэ. Тус эмнэлгийн Яаралтай хүлээн авах тасгийн үүдэнд хэсэг саатахад л ийм байв.

ИХ ДҮЙЧИН ӨДӨР БА 10 ХАР НҮГЭЛ: АРХИДАЛТ, ХУЛГАЙ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГААРАВ

Цагдаагийн байгууллага мөн л ялгаагүй ачаалалтай. Зөвхөн Их дүйчин өдрийн бүх нийтийн амралтын өдөр буюу өчигдөр /2024.05.23/ цагдаагийн байгууллагагад нийт 2036 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1742, гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага, мэдээлэл байгаа юм. Тухайлбал,хүний биед халдах 19, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 105, хулгайлах гэмт хэрэг 20 бүртгэгдсэн бол 91 хүнийг эрүүлжүүлсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчил илэрчээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 3 хэргийг нөхөн илрүүлжээ. Энэ гэхдээ зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэл. Цоожтой хаалганы цаана хэчнээн эмэгтэй, хүүхэд хүчирхийлэлд өртөж хоносныг таашгүй.

Түүнчлэн статистик мэдээллээс харвал 2021-2023 оны хооронд гэмт хэргийн шинжтэй нийт 266 тохиолдол бүртгэгджээ.

Энэ хугацаанд нийт 285 хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 156 хүний биед халдаж, 539 хүн эрүүлжүүлэгдэж, 316 хүн согтуугаар жолоо барьжээ. Мөн хулгайн 59 хэрэг бүртгэгдэв. Энэ бол Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсэн 3 жилийн доторх дүн мэдээ.

Уг нь Гандантэгчинлэн хийдээс “Нэг өдөр архи, тамхийг хориглосноор нэг айл нулимсгүй амар тайван хонож, гэмт хэргийн гаралт буурна” гэж үзэж байлаа.

Энэ жилийн хувьд Их дүйчин өдрийг “ёс зүйг эрхэмлэх өдөр” уриатай тэмдэглэн өнгөрүүлсэн ч хотын нэгэн шөнө гэрэлтэй цонх, хаалттай хаалганы цаана хэчнээн хүүхэд эмэгтэй согтуу нөхөр, агсам аавын ааш авир зодуур тамлалыг тэвчиж нулимстай өглөөг угтсаныг тааж хэлэхийн аргагүй.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээс харвал Их дүйчин өдөрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил энгийн өдрийнхөөсөө эрс нэмэгддэг аж. Жишээ нь өнгөрсөн зун буюу 2023 оны зургаадугаар сарын 4-нд бурхан багшийн дүйчин өдөр тохиож монголчууд бүх нийтээр амрав. Энэ өдөрт гэр бүлийн хүчирхийлэл өмнөх өдрийнхөөс 79-88 болж нэмэгдэв. Зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь энэ. Гэхдээ хүчирхийлэл зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй, өндөр настан, эрэгтэйчүүд хүртэл хамаарна гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Үүнээс гадна Их дүйчин өдөр эрс нэмэгддэг гэмт хэргийн нэг нь хулгай.

Жишээ нь, 2021 оны тавдугаар сарын 26-нд Бурхан багшийн их дүйчин өдөрт хулгайн 27 тохиолдол бүртгэгджээ. Харин өмнөх өдөр нь хулгайн 7 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Түүнчлэн согтуугаар жолоо барих хүмүүсийн тоо ч Их дүйчин өдрийн бүх нийтийн амралтаар ихэсдэг.

Зөвхөн цагдаа нарын илрүүлсэн дүн мэдээнээс харвал, 2021 онд 68, 2022 онд 142, 2023 онд 106 хүн энэ төрлийн зөрчил гаргажээ. Үүний цаана мэдэгдээгүй өнгөрсөн хэчнээн согтуу жолооч бусдын эрүүл мэнд, амь насыг хөнөөхөд ч бэлэн зам дээр, харанхуй гудамжинд давхисан бол?

Үнэндээ монголчуудын дийлэнх нь буддын шашны шүтлэгтэй, бурхан багш, гандан хийд, лам нарт сүсэглэж залбирснаараа хорхойд ч гэмгүй ард түмэн. Энэ утгаараа цагдаагийн ч хэрэг байхгүй байх байсан биз.

Зөвхөн Их дүйчин өдрийн Бүх нийтийн амралтын өдөр цагдаагийн газарт бүртгэгдсэн гэмт хэргийн тоон баримт, эмч нарын ачааллыг харахад л бид ер нь Бурхан багшийн мэндэлсэн Их дүйчин өдөр буян үйлдээд байна уу, нүгэл үйлдээд байна уу гэх асуулт урган гарч буй.

Даргагүй Цэц, гишүүдгүй боллоо
Даргагүй Цэц, гишүүдгүй боллоо
 
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.