Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Шинэ сэргэлтийн бодлого болон Улсын Их Хурлын холбогдох тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2025.04.23) Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбоотой бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдав. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаварын үнэлгээ 32.5 хувь буюу ийм хэмжээний хэрэгжилттэй гэсэн дүн гарсан байна.
Дэлхийн улс орнууд, нийгмийн бүх салбарууд эдүгээ “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчим бүхий “Нэг дэлхийн, нэг эрүүл мэнд” үзэл санаанд нэгдэж байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулахын төлөө хамтын хүчин чармайлт гаргаж байгаад Монгол Улсын хуулийг нийцүүлэх, хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаа хангагдаагүй, зохисгүй хэрэглээ, шим тэжээлгүй хоол хүнснээс үүдэн хүн гарч буй сөрөг үр дагаваруудыг багасгах, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, импорттой холбогдох харилцааг нарийвчлан зохицуулах зэрэг нөхцөл шаардлага бий болсныг тэрбээр танилцуулгадаа онцолсон юм. Мөн хүнсний салбарын хүний нөөцийг бэлтгэх, тандан судалгааг өргөжүүлж, тогтмолжуулах, зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоо, баталгаажуулалт, хяналт-зохицуулалтын механизмыг бэхжүүлэх, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх хэрэгцээ тулгамдаж буйг дурдав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зарим гишүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн байгууллагын төлөөлөгчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “хүнсний сүлжээ", “хүнсний баталгаат байдал”, “хүнсний эрүүл ахуй” зэрэг нэр томьёоны өөрчлөлт, байгаль орчны эрүүл ахуйн харилцан шүтэлцээг хангахтай холбоотой зохицуулалт, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэл, боловсруулалтын болон түгээлтийн үйл явцад тавигдах стандарт, шаардлага, тэдгээрийн хяналт, удирдлага, тандан судалгааны цаглавар, хүний нөөц, сургалт сурталчилгаатай холбоотой зохицуулалтууд туссан байна. Хууль батлагдсанаар хүнсний чиглэлийн судалгаа, шинжилгээ тогтмолжиж, тэдгээрийн үр дүнд суурилсан төрийн бодлого хэрэгжих, тасралтгүй шинэчлэгдэн сайжрах боломж бүрдэх юм. Мөн бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт баталгаажуулалтын тогтолцоо бүрдэж, шинжлэх ухааны үндэслэлтэй, стандарттай үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа хөгжиж, иргэд, олон нийтийн хоол хүнс, шим тэжээлийн тухай болон зохистой хооллолт, эрүүл ахуйн боловсрол дээшилснээр нийгмийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд сайжирна гэж ажлын хэсэг үзсэн байна.
Хуулийн төсөл, түүний үзэл баримтлалтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал бодол, байр сууриа илэрхийлсэн юм. Оролцогчдын асуултад ажлын хэсгийн зөвлөх багийн гишүүн Хууль зүйн ухааны доктор Д.Энхмаа, Я.Хишигт, ШУТИС-ийн профессор, зөвлөх инженер Ж.Туяацэцэг, НҮБ-ын хөдөө аж ахуйн байгууллагын хуульч Б.Алтанцэцэг нар хариулж, харилцан ярилцлаа. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаварын судалгааг хуулийн нийт 96 заалт тус бүрээр хийсэн талаар доктор Д.Энхмаа танилцуулж, үндсэн дөрвөн зарчим буюу хүнсний хангамж тогтвортой, хүртээмжтэй байх зарчмын хэрэгжилт 50.0 хувь, хүний эрүүл мэндэд шаардлагатай шим тэжээл, найрлагатай байх зарчмын хэрэгжилт 30.0 хувь, эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахгүй байх болон хүнсний бүтээгдэхүүний тухай мэдээлэл үнэн зөв, бодитой байх зарчмуудын хэрэгжилт тус бүр 10.0 хувьтай дүгнэгдсэнийг тоймлон дурдав. Доктор Ж.Туяацэцэг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтмол хийж байхаар хуульд заасан тандан судалгааны тавдугаарыг 2017 онд хийсэн бөгөөд уг судалгааны ерөнхий үзүүлэлтүүд 2023 онд хийсэн зургадугаар судалгаагаар ямар ч өөрчлөлтгүй буюу ахицгүй гарсныг дурдаж, энэ нь манай улсын хүнсний шим тэжээлийн нөхцөл байдал хангалтгүй байгааг илтгэж буй үзүүлэлт болохыг тэмдэглэв. Түүнчлэн хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт хангалтгүй, холбогдох байгууллага, бүтцийн нэгж, тэдгээрийн чиг үүрэг уялдаагүй, өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж буй хүнсний салбарын технологи, инноваци, тоног төхөөрөмж, стандартын шаардлагыг хангагдахгүй байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид тал бүрээс нь дүгнэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Л.Соронзонболд, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг, Б.Заяабал, Ц.Идэрбат, С.Лүндэг, З.Мэндсайхан, Р.Сэддорж, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!