Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даргагүй Цэц, гишүүдгүй боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 13 секунд

Үндсэн хуулийн цэц толгойгүй зургаан сар явж ирэв. Харин өнөөдөр Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго тэргүүтэй Цэцийн хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.

Тодруулбал, Цэцийн гишүүн Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, Ш.Солонго мөн энэ өдөр Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолоор томилогдож байжээ.

ЦЭЦ ХӨЛ, ТОЛГОЙГҮЙ ЗУРГААН САР ХЭЭР ХОНОВ

Хуульд зааснаар ҮХЦ есөн гишүүнтэй байхаас гурвыг нь Ерөнхийлөгчийн санал болгосноор, мөн гурвыг нь УИХ-аас санал болгосноор, үлдсэн гурвыг нь УДШ-ээс санал болгосны дагуу томилдог. Тэгвэл дээрх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа гурван гишүүний хоёр нь Ерөнхийлөгчийн институтээс нэрийг нь оруулж байсан хүмүүс юм. Харин Ш.Солонгын хувьд 2018 онд М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байсан хугацаанд томилогдсон гэсэн үг.

Одоогийн цэц Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нараас гадна Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Хагас жилийн хугацаанд даргагүй явж ирсэн цэцийн бүрэлдэхүүнд ч дахин өөрчлөлт орж дараагийн шинэ гишүүдийг томилох асуудал яригдахаар болж байна.

Хуулиараа ҮХЦ-ийн нийт гишүүдийн орон тоо бүрдсэн даруйд хурлаа хийж дотроосоо дэвшүүлсэн гишүүн дээрээ нууц санал хураалт явуулж шийдэх учиртай. Атал даргын томилгооны ард эрх баригчдын том эрх ашиг нуугдаж ирсэн учраас төрийн ордонд тамхины цэгээс хүртэл ганц хоёр хүний нэр дуулдах болсон.

Тодруулж хэлбэл, сар гаруйн өмнөөс ҮХЦ-ийн даргаар Г.Баясгаланг томилно гэх яриа гарсан ч удалгүй түүний ажлын байран дээр архидан согтуурхсан бичлэг задарч, эсрэгээрээ хариуцлагын асуудал яригдах байсан ч нам гүм болов. Өөр нэг нь хэдэн сарын өмнө ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож очсон Л.Өлзийсайханыг цэцийн даргаар томилогдоно гэсэн мэдээлэл ч цацагдсан.

Учир нь Л.Өлзийсайхан нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэж яригддаг бөгөөд цэцийн гишүүнээр томилогдохоосоо өмнө УИХ-ын Тамгын газарт тэрбээр 8 жил ажилласан нэгэн юм. Харин нөгөө талд одоо даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Ш.Солонго Цэцээс явахдаа эрх баригчидтай дараагийн албаа тохирох гэсэн санаа агуулж, Цэцийг хуралдуулахгүй байна гэх таамаг ч явж байна.

Өөрөөр хэлбэл, Ш.Солонго нь орлогч даргын албан тушаалд очсоноосоо хойш цэцийн даргыг сонгох хуралдааныг огт зарлахгүй байгаа гэх бөгөөд Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих зэрэг үндсэн үүргээ биелүүлж ажиллахгүй, эс үйлдэхүйгээрээ албан тушаал, хувийн эрх ашгаа илэрхийлж байна гэх шүүмжийг зарим хуульчид хүртэл хэлээд амжсан. Товчхондоо ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр биш, төр барьж буй нам байгаа нь тодорхой харагдахаар.

ЦЭЦИЙН ДЭЭР ТЭНГЭР БИШ ТӨР ОРШИЖ БУЙ НЬ ЛАВШИРСААР...

Цэц ямар ч чадамжгүй бөгөөд улс төрөөс хэрхэн хамааралтай болсныг дээрх нөхцөл байдал илтгэж буй юм. Учир нь ҮХЦ-д өгсөн маш чухал гомдол, маргаан өнөөдрийг хүртэл урагшилж чадахгүй байгааг учир мэдэх хүмүүс ярьдаг. Түүний нэг жишээ нь, УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох УИХ-ын тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын их хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар заасан. Уг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хэсэг иргэд ҮХЦ хандсан байдаг.

Гэтэл толгойгүй Цэц өнөөдрийг хүртэл энэ гомдол дээр маргаан үүсгэх эсэх сураг нь тасрав. Өөрөөр хэлбэл, улс орны цаашдын хувь заяатай холбоотой чухал асуудлуудын нэгийг ҮХЦ хэлэлцэж шийдэл гаргаж чадахгүй байна гэсэн үг. Хэрвээ Цэц уг гомдлыг нь хүлээн авч маргаан үүсгэх, цаашлаад маргаан шийдвэрлэх процесс нь УИХ-ын эсрэг гарсан бол сонгуульд шинээр нэр дэвшин өрсөлдөх залуучууд, эмэгтэйчүүдэд хатуу нөхцөл байдал үүсгэж буй бүсчилсэн том тойргийг өөрчлөх боломж байв. Харамсалтай нь тэд эрх баригчдын дохиураар хөдөлдөгөө баталгаажуулж, иргэдээс ирүүлсэн гомдолд шийдэл гаргаж чадалгүй гүрийсээр хугацааг нь өнгөрүүлж чадлаа.

БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУССАН ГУРВАН ГИШҮҮНИЙ АСУУДЛЫГ ШИНЭ ПАРЛАМЕНТААР ОРУУЛАХ УУ...

Даргаа томилж чадахгүй байгаа нь одоогийн гишүүд дундаас дарга болох хүнийг нь эрх барьж буй нам дэмжихгүй байгаа гэсэн үг. Эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав Цэцийн дарга дээр санал нэгдэж чадахгүй байна гэж хэлж болохоор. Өөр нэг хувилбар нь шинээр бүрдэх парламентын босгыг давтал цэцийн дарга болоод шинээр томилогдох гишүүдийн асуудал наана нь яригдахгүй байх магадлал өндөр аж.

Ямартай ч ҮХЦ бол 126 гишүүнтэй УИХ-д хамгийн их ач холбогдолтой газар болж хувирна. Сайд, УИХ-ын даргыг огцруулахаас эхлээд гаргасан олон бужигнаантай хууль дээр шийдэл гаргана. Олон ч удаа бусдын гар хөл болно гэсэн үг. Тиймээс л эрх баригчид дотроо ойлголцож чадахгүй байгаа хэрэг. Цэцийн даргыг өөрийн талаасаа томилно гэдэг бол улс төрийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой зүйл болж буйг хэлэх нь зүйтэй болов уу.

FACELOOK: Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын галын зээ, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг
FACELOOK: Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын галын зээ, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.