УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй анхны парламент бүрдэж, хамтарсан Засгийн газар байгуулагдсан билээ. Тэгвэл үүний ард өмнөх парламентаас мултарсан АЖИЛГҮЙЧҮҮД сэмхэн гомдоллож, албан тушаалын эрэлд гарсан гэхэд нээх их зөрөхгүй болов уу.
Тэгвэл өнөөдрийн байдлаар 2020-2024 оны буюу 76 гишүүнтэй сүүлийн парламентаас мултарч, дахин гишүүн болж чадаагүй 15 хүн ямар нэг байдлаар дотоодод болон гадаадад албан тушааалд томилогдоод байна. Тэдгээрээс та бүхэнд сонирхуулъя.
-Ангийн дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн гал тогоог барьж эхэлсэн нь-
-2019 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын даргаар томилогдсон буюу хоёр парламент дамнаж ангийн дарга хийсэн Г.Занданшатар 2024 оны сонгуульд хангайн бүсэд нэр дэвшсэн ч ӨВДӨГ ШОРООДОЖ, ангийн дарга битгий хэл, хоосон хоцорсон юм.
Гэсэн ч шинэ парламент бүрдээд удаагүй байхад буюу 2024 оны долоодугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдсон байдаг. Тэрбээр өмнө нь 2004, 2008, 2016, 2020 онд буюу дөрвөн удаа УИХ-д сонгогдож байжээ.
-Б.Баярсайхан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилогдов-
-Тэрбээр өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог даргалж байсныг та бүхэн санах биз ээ. Харин өнгөрөгч сонгуулиар баруун бүсэд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Ингэснээр хэсэг хугацаанд НАМ ЖИМ байсан юм. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилогдов.
Тэрбээр өмнө нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албан тушаалуудыг хашиж байв.
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын дарга Д.Тогтохсүрэн
-Өмнөх парламентад УИХ дахь Монгол ардын намын бүлгийг даргалсан Д.Тогтохсүрэн ангийн даргын хамтаар хангайн бүсэд нэр дэвшсэн ч мөн л өвдөг шороодов. 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд даргаар ажиллаж, улс төрийн гараагаа эхлүүлсэн тэрбээр 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод байсан юм.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн 2024 оны наймдугаар сард хуучнаар "Монголросцветмет" буюу "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын даргаар томилогдсон байдаг.
УИХ-ын гишүүнээс унасан ч Ерөнхийлөгчид зөвлөхөөр болсон Г.Ганболд
-2004 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, улс төрийн амьдралаа эхлүүлж аймгийн Засаг дарга хүртэл дэвшсэн тэрбээр 2020 онд аймгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдон, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог ч даргалж байв.
Гэвч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын адилаар УИХ-д улирах хэмжээний санал авч чадсангүй. Гэсэн хэдий ч хоосонгүй. Тодруулбал тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллаж буй.
24 жил УИХ-аас буугаагүй Н.Энхболд БНХАУ-д Элчин сайдаар илгээгдэв
-Тэртээх 2000 оны парламентаас эхлэн, тасралтгүй 24 жил УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн маш ховор. Тэгвэл дээрх рекордын эзэн Н.Энхболд БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдов.
Түүний энэ томилгоо өөрийнх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө аль хэдийнэ тодорхой болсон байв. Тиймээс сонгуульд нэр дэвшээгүй юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр олон сонгогдохоос гадна Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга, Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байв.
-НҮҮРСНИЙ хэрэгт холбогдож байсан Ш.Адьшаа Ц.Туваанд зөвлөж байна-
-2020 онд анх удаа УИХ-д сонгогдож, парламентад суусан тэрбээр нүүрсний хэрэгт холбогдож, сонсголд гэрчээр дуудагдаж байсныг та бүхэн санах биз. "Гаалийн Адьшаа" гэгддэг тэрбээр Х.Баттулгыг Зам, тээврийн сайд болон Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байжээ.
Тэрбээр өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
-Хөшигийн хөндийн шинэ хотын төсөл хариуцсан захирагч Б.Саранчимэг
-Түүнийг "Мон-Уран"-ын гэгддэг УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн эгч гэдгээр олон нийт сайн мэднэ. 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан тэрбээр өнгөрөгч сонгуулиар говийн бүсэд нэр дэвшиж, ялагдал хүлээсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Хөшигийн хөндийн шинэ хотын төсөл хариуцсан захирагчаар ажиллаж байна.
-Ц.Мөнх-Оргил эрдэм шинжилгээний ажил хөөх гэж байсан ч Д.Амарбаясгалангийн Ахлах зөвлөхөөр томилогдов-
-2004, 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүнд 2024 оны сонгуулиар нэр дэвших квот олгоогүй. Элчин сайдаар томилогдож магадгүй гэх яриа гарч байсан ч тэрбээр "Элчин сайдаар ажиллах санал ирсэн ч би хүлээж авахгүй. Эрдэм шинжилгээний ажил хийх гээд төлөвлөсөн байгаа" гэж хэвлэлд ярьж байсан юм.
Гэвч шинэ парламент бүрдсэний дараа эрдэм шинжилгээний ажил бус УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Ахлах зөвлөхөөр томилогдсон байдаг.
-ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ц.Мөнхцэцэг-
-2020 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан түүнд 2024 онд нэр дэвших эрх намаасаа авч чадаагүй. Тэрбээр энэхүү шалтгааныг "Тойрог томссон учраас зардал их гарна. Энэ хэмжээний зардал байхгүй тул жагсаалтаар нэр дэвших хүсэлт гаргасан. Гэвч манай намаас УИХ-ын гишүүн, сайд нарыг жагсаалтаар нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэн" гэж тайлбарласан байдаг.
Тэгвэл тэрбээр ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр томилогдоод удаагүй байна.
-М.Оюунчимэг "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-т Д.Тогтохсүрэнгийн удирдлаган дор Бүтээмжийн менежерээр томилогдов-
-2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр 2024 оны сонгуульд унаган ЧД, СБД-тээ дахин нэр дэвшсэн ч хараахан барсангүй. Улмаар хэсэг НАМ ГҮМ байсан тэрбээр хамтарсан Засгийн газрын томилгооны хүрээнд "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-т Бүтээмжийн менежерээр томилогдсон юм.
-БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа-
-УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа 2024 оны сонгуульд нэр дэвших эрх намаасаа авч чадаагүй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байна.
-Тойргоо солиод БҮДЭРСЭН П.Анужин Ерөнхий сайдад зөвлөж байна-
2020 онд СХД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдож, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан тэрбээр 2024 онд Ерөнхий сайдыг дагаж, зүүн бүсэд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн.
Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаж эхэлсэн юм.
-Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байсан ЭКС гишүүн Г.Амартүвшин "Эрчист Монгол"-ын захирлаар томилогдсон-
-Тэрбээр 2020 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Банк санхүүгийн мэргэжилтэй тэрбээр 2019-2020 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан байсан. Энэ хугацаандаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компанид зээл олгосон гэх асуудлаар шалгагдаж байсан билээ.
Тэгвэл 2024 оны сонгуульд өөрийн хүсэлтээр нэр дэвшээгүй байдаг. Шалтгаанаа "Шинэ үеийн залуустаа болгомж олгосон" гэж тайлбарладаг. Тэгвэл хэсэг чимээгүй байсан тэрбээр "Эрчист Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод 10 ч хоноогүй байна.
-Нэр дэвших эрх авч чадаагүй Д.Сарангэрэл Болгар дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр томилогдов
-2012, 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан тэрбээр нэг хэсэг сайдын албанаас хэсэгтээ л буугаагүй. Эрүүл мэндийн сайд, БОАЖ-ын сайд, ХНХ-ын сайдаар ажилласан байдаг. Харин ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа "Улны айл" гэх үгийг хэлж, олны бухимдлыг төрүүлснээр сар ч болоогүй сайдын суудлаас огцорсон байдаг.
Мөн коронавируст цар тахлын үеэр буюу Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа "Хатан ижий" гэх нэртэй болсон билээ.
Тэрбээр 2024 онд нэр дэвших эрх авч чадалгүй бүрэн эрх нь дуусаж, хэсэгтээ л чимээ аниргүй байсан. Тэгвэл Болгар дахь ЭСЯ-ны Элчин сайд зөвлөхөөр ажиллаж эхэлсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгсөн юм.
-УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн зөвлөх Ц.Цэрэнпунцаг-
-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан тэрбээр 2024 оны сонгуулиар баруун бүсдээ нэр дэвшсэн ч хараахан ялалт байгуулж чадаагүй.
Тэгвэл шинэ парламент бүрдсэний дараахан буюу долоодугаар сард УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн зөвлөхөөр томилогдсон юм.Тэрбээр өмнө нь тус бүлгийнхээ даргаар ажиллаж байсан бөгөөд шинэ парламент бүрдсэнтэй холбогдуулан бүтцийн зарим өөрчлөлтүүд хийгдсэн байдаг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!