Өдөрт 14 монгол хүнийг авч одож буй хавдарын өчлөл, энэ аймшигт өвчний эсрэг зогсож буй улсын цор ганц эмнэлэг ХСҮТ-ийн нөхцөл байдал, дүр зураг ямар байгааг сурвалжлахаар ХСҮТ-д очлоо.
Үүдээр оруут хүлээлгийн танхим дүүрэн хүнтэй. Уйлсан, цөхөрсөн, царайчилсан, хүлээж ядсан, тэвдсэн, бухимдсан бүр яах учраа ч олохоо байчихсан үй олон хүн энд өглөөний 7 цагаас эхлээд л нааш, цааш хөвөрнө. Бүгдийнх нь амь нас, эрүүл мэнд цаг, минутаар хэмжигдэж байгаа.
Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
Энэ бүсгүйг Э гэдэг. 35 настай. Хөхний хорт хавдраар шаналж буй нэгэн. 2 хоногийн өмнө Увс аймгаас нөхөр, 2 настай хүүгийнхээ хамт энд ирсэн. Сүүлийн 7 хоногийг тэр өвчин намдаах эм, тариагаар л давж байгаа гэнэ. Эмнэлгийн цаг авах гэж энд 2 өдөр дугаарласны эцэст сар гарны дараа буюу ирэх 5 дугаар сарын 20-ны өдрийн цаг олджээ. Өнгөрсөн шөнийг тарианы хүчээр давж гараад өнөөдрийг яаж давна даа гэж тарчилж суугаа түүнд 5 дугаар сарын 20 гэдэг дэндүү хол. Тэглээ гээд яах ч аргагүй. Түүнд тэсэхээс өөр, хүлээхээс өөр сонголт байхгүй. Дэмий л цаг бүртгэсэн цаасаа ахин дахин харж, нулимсаа арчина.
“Би 2 настай хүүхдээ аваад ирсэн юм. Энд бүтэн сар гаруй байх таньж мэдэх айл ч байхгүй. Өвдөлтөөс болж би сүүлийн 7 хоног бараг унтаж чадаагүй. Ийм байдалтай дахиад Увс руу буцна гэхээр хэцүү байна. Би яагаад ийм зүйлийг туулах ёстой юм бол гэж үргэлж боддог. Би чинь нялх хүүхэдтэй, 35-хан настай шүү дээ” гэж арайхийн хэлээд нулимс нь урсахад ийм нөхцөлд тайтгаруулах үг ч олддоггүй аж.
Буруу эмчилгээ хийснээс үүдэн идээт үрэвсэл нь хорт хавдар болжээ
Тэрбээр төрөөд жил ч болоогүй байсан учраас эхэндээ горьдсоноос болж хөх хөндүүрлэж байна гээд тоогоогүй аж. Зовиур нь намдаагүй учраас 2024.05.02-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд шингэн идээт үрэвсэл гэсэн онош тавьжээ. Ингээд идээт үрэвслийн эсрэг антибиотик эмчилгээ хийсэн байна. Зүй нь бол эхлээд идээт үрэвслийг соруулж авах ёстой байж. Гэтэл шууд антибиотик ууснаар шингэн байсан идээ нь хатуурч, соруулж авахаас нэгэнт өнгөрсөн байна. Бүтэн жилийн турш буруу эмчилгээ хийгдэж, эцэст нь Улаанбаатарт ирж ХСҮТ-д үзүүлэхэд аль хэдийн хөхний хорт хавдар болсон байжээ. Буруу эмчилгээ хийсэн эмчийг 1 сар ажлаас түр чөлөөлөөд буцаагаад ажилд нь авсан хэмээн бүсгүй ярилаа. Тэрбээр мөн аймгийн эмнэлэгт хөхний чиглэлийн нарийн мэргэжлийн эмч байдаггүй хэмээн ярив.
ХСҮТ-ийн тоног төхөөрөмж эвдэрсэн тул иргэд Бриллиант эмнэлэгт 380-580 мянган төгрөгөөр MRI хийлгэдэг
Энэ бүсгүйн аав нь уушгины хорт хавдартай. Одоогоор 3 удаагийн хими эмчилгээнд орсон. Өмнөх шинжилгээний хариугаар 5.1-тэй байсан хавдарын хэмжээ нь одоо 5.9 болж томорсон гэх хариу гарсан. Бүтэн сар шахам хүлээж байж эмчдээ үзүүлэхэд энэ шинжилгээнүүдийг бүрдүүлж ирээд үзүүлээрэй гээд буцааж. Шинжилгээгээ хийлгээд иртэл дахин цаг авч байж үзүүлэх ёстой гээд халгаасангүй гэнэ. Цаг авах гэтэл хамгийн ойрын цаг нь 4-р сарын 30. Тэр болтол өдөр өдрөөр томорч байгаа хавдар түүнийг хүлээж байхгүй нь лавтай. ХСҮТ-ийн зарим төхөөрөмж эвдэрсэн учраас шинжилгээгээ Бриллиант эмнэлэгт хийлгэжээ. Хувийн эмнэлэг учраас мэдээж өөрсдөө төлбөрөө төлсөн.
Эмнэлгийн хана налаад нүдээ анин сууж байгаа хар малгайтай энэ эмэгтэй тархины хорт хавдартай. 51 настай. Булган аймгаас охиныхоо хамт ирсэн. Хавдар авах хагалгаанд ороод жил гаруй болж байгаа ч хавдар нь дахиад 2 газарт үсэрхийлсэн гэх мэдээг дуулаад удаагүй. Тэрбээр дараагийн үзлэгтээ орох цаг авсан хэдий ч тэр нь ирэх 5-р сарын 8 буюу 22 хоногийн дараа. ХСҮТ-ийн Тархины MRI төхөөрөмж эвдэрсэн учраас Бриллиант эмнэлэгт тодосгогчгүй MRI 380 мянган төгрөгөөр хийлгэсэн. Тодосгогчтой нь 580 мянган төгрөг болдог хэмээн ярилаа. Түүний мэдээлснээр ХСҮТ-д цээжний томографийн шинжилгээнд орохдоо нийт үнийн дүнгийн 10 хувийг иргэн өөрөө төлдөг гэв. Уг нь бол хавдарын эмчилгээг төр 100 хувь санхүүжүүлэх хуультай.
Цахимаар цаг авдаг ч түүнийгээ заавал өөрийн биеэр ирж баталгуулдаг
Өвчтөнүүдийн хамгийн их ярьж байгаа асуудлын нэг нь цахим цаг. E-mongolia аппликэйшнээр үзлэгийн цагаа авах хэдий ч заавал өөрийн биеэр ирж цагаа баталгаажуулах ёстой гэнэ. Иргэдийн зүгээс “өөрийн биеэр ирэхээс хойш цахимаар цаг авах шаардлага байхгүй” гэлцэнэ.
Өвчтөнүүдийг бухимдуулдаг бас нэгэн асуудал нь “битүүмж гаргах”. Энэ нь хавдрын эмчилгээний зардлыг төр хариуцаж байгаатай холбоотойгоор хэн ямар, эмчилгээ үйлчилгээ авсныг баталгаажуулах цахим систем аж. Гэтэл хавдартай иргэд Улсын 1 болон 3-р эмнэлэг зэрэг бусад эмнэлгүүдээс тусламж, үйлчилгээ авах шаардлага үүсдэг. Гэтэл ХСҮТ-д заавал үзүүлсэн эмчдээ очиж битүүмжээ хаалга гэх шаардлагыг тавьдаг байна. Битүүмж хаагдаагүй цагт дараагийн эмнэлгийн үзлэг, үйлчилгээ хийгдэх боломжгүй. Энэ нь өвчтөнүүдийн дунд маш их төөрөгдөл үүсгэж, тэд удаан хүлээж байж авсан цагтаа үзлэг, эмчилгээгээ хийлгэх боломжгүй болоход хүрдэг гэдгийг хэлж байлаа.
Өдөрт 1000-1200 хүн ХСҮТ-өөр үйлчлүүлдэг
ХСҮТ-ийн Хорт хавдарын эрт илрүүлгийн бүртгэл тандалтын албанаас өгсөн мэдээллээр өдөрт 1000-1200 хүн тус эмнэлгээс үйлчилгээ авдаг бөгөөд 7 хоногт нийт 4000-5000 хүн үйлчлүүлдэг байна. Өнгөрсөн 7 хоногт нийт 5116 иргэн эмнэлгийн цаг авсан аж. Гэтэл ХСҮТ давхардсан тоогоор 50 орчим кабинеттэй. Кабинет бүрт ихэвчлэн 1 нарийн мэргэжлийн эмч ажилладаг тул ердөө 50 гаруй мэргэшсэн эмч энэ олон хавдартай иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна.
ХСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Н.Батсанаа “Иргэд авсан цагаа баримтлахгүйгээс маш их асуудал үүсдэг. Иргэдийн баталгаажуулсан үзлэгийн цагийг 1 цаг хүртэлх хугацаанд цуцлалгүй хүлээдэг ч авсан цагаасаа 1-2 цаг хоцорч ирэх тохиолдол цөөнгүй. Түгжрэлээ тооцоод, цагаа маш сайн баримтлах хэрэгтэй. Тэгээгүйгээс үүдэн үзлэгийн өрөөний үүдэнд зодоон, цохион багагүй гардаг. Зарим нь үдээс хойш цаг авсан хэрнээ өглөө эрт ирээд хүмүүсийн урдуур оочир дайрч орох гээд үймээн шуугиан дэгдээдэг. Тиймээс өвчтөнүүд цагаа яс баримтлаад дор дороо хариуцлагатай байвал төдий чинээ тустай ” хэмээв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!