Бүтэлтэй, бүтэлгүй арилжааны кинонууд өдөр алгасахгүй нээлтээ хийж, хуучны монгол кинонууд МОДА болсон энэ цаг мөчид UBN.mn сайт ДҮР контентыг бэлтгэн хүргэж байна.
Эхний дугаартаа бид “Өнөр бүл”-ийн Цэрмаагийн дүрээр олон түмэнд хайрлагдсан МУГЖ, дуучин Ц.Чулуунцэцэгийг онцолж, бүтээсэн дүрийнх нь талаар цөөн хором ярилцлаа. Гажиг Гармаагийн хайрыг татсан Цэрмаа бүсгүйн дүр МУГЖ Ц.Чулуунцэцэгийн анхны бөгөөд сүүлчийнх. Өөр кинонд дүр бүтээсэн удаа байхгүй.
Ганцхан Цэрмаагийн дүрээр олон түмэнд хайрлагдаж, өнөөг хүртэл хүндлэгдэж яваадаа сэтгэл хангалуун байдаг гэдгээ ярилцлагын үеэр онцолсон юм.
-"Өнөр бүл" киноны Цэрмаагийн дүрийн санал хэзээ, яаж танд ирсэн талаар яриагаа эхэлье?
-"Өнөр бүл" киноны санал надад 1979 онд ирсэн. Би 18-хан настай жаахан охин байлаа. Хөдөөгийн малчин охин нэгдэлч хөдөлгөөн ялсны 20 жилийн ойн урлагийн үзлэгт оролцож байх үед Ардын жүжигчин, төрийн шагналт Д.Жигжид, Ягаан Гажидад тоглодог Ц.Цэнд-Аюуш, Зургийн дарга Д.Дэлэг, Их зохиолч М.Жавган гуай гэсэн бүрэлдэхүүнтэй хүмүүс Цэрмаагийн дүрд тоглох бүсгүйг хайж яваад намайг тайзан дээр дуулж байхад олж харсан байсан. Төд удалгүй надад санал тавьж, фото проб, кино пробонд оруулаад намайг сонгож байсан. Маш их аз, хувь тохиолоор алтан үеийн сор болсон хүмүүстэй таарч, тэр сайхан дүрийг дэлгэцэд мөнхлөх боломж олдсон гэж билэгшээж явдаг.
-Цэрмаагийн дүрийг бүтээсний дараа таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бол. Кинонд тоглох санал ирсэн болов уу?
-Хоёр киноны санал ирсэн. Би хоёуланд нь тоглож чадаагүй. Амьдралын шаардлага, ажлын онцлогоос шалтгаалаад чадаагүй гэж хэлж болно. Кинонд тоглосныхоо дараа би Цэргийн ансамбльд дагалдан жүжигчнээр ороод, дуучин болсон. Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Яагаад гэвэл, би олон кинонд тоглоогүй ганцхан кинонд тоглосон. Ганц кино маань надад огт ганцдаагүй. Магадгүй олон кинонд тоглосон бол миний энэ дүр сарничих ч байсан юм билүү гэж боддог. Тэгэхээр ганцхан Цэрмаагийн дүрээрээ өдий хүртэл ажиллаж, амьдарч, ард түмэнд танил болсон. Би өөрөө энэ дүрдээ маш их хайртай. Цэрмаа гээд дуудахад миний нэр шиг л сонсогддог.
-18 настай Ц.Чулуунцэцэг тухайн үед урлагийн хүн болох мөрөөдөлтэй байв уу?
-Дөнгөж сургуулиа төгсчихсөн. Комсомолын дээд сургуульд явна гэсэн бодолтой охин, мэргэжлээ ч сонгоогүй байсан. Сургуульд байхдаа дуулдаг байсан ч урлагийн хүн болно гэж боддоггүй байлаа. Яг тухайн мөчид кинонд тоглох санал авч, дүр бүтээгээд урлагтай холбогдсон. Комсомолын дээд сургуульд явах бодол киноны дараа замхарч, Багшийн дээд сургуулийн уртын дуу дуулаачийн ангид ороод, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад багшийнхаа шавь болсон. Удалгүй СУИС болж тасрахад нь СУИС-д очоод анхны төгсөгчдийнх нь нэг болсон. Уртын дуучин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгад ажиллаж, МУГЖ цол хүртсэн. Сүүлд СУИС-д багшаар ирээд өнөөг хүртэл ажиллаж байна. 2016 онд Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. Олон сайхан шавь төрүүлж, уртын дуу гэсэн өв соёлоо өвлөхөд нь өөрийнхөө хувь нэмрийг оруулж яваадаа баярлаж, бахархаж явдаг.
-Үндэсний уламжлалт баяруудаар Өнөр бүл гарч л байдаг өнөөг хүртэл. Гарч байгаатай нь таараад өөрийгөө харахаар танд юу бодогддог бол?
-Анх үздэг байхдаа өөрийгөө харахаар ичдэг байсан. Одоо бол өөрөөсөө ичихгүйгээр харж, үздэг болсон. Яагаад гэвэл хүний залуу нас гэдэг үнэхээр сайхан. Залуу хүнд муухай юм гэж байхгүй. Тэр ч утгаараа өөрийнхөө 18-тай үеийг одоо эргээд харах гоё санагддаг. Ямар хөөрхөн юм бэ, хүүхдүүдтэйгээ адилхан ч байсан юм уу гэж бодоод өхөөрдөөд үздэг. Энэ кинонд залуу насаа тэр хэвээр мөнхөлж үлдээнэ гэдэг маш том хувь заяа, аз юм аа гэж бодож суудаг даа.
-Кинонд хамт тоглож байсан уран бүтээлчидтэйгээ одоо хэр холбоотой байдаг уу?
-1979 он гэхээр яг 44 жил өнгөрсөн байна. Хамт тоглосон жүжигчид маань мөнх бусыг үзээд би ганцаараа л үлдсэн байх шиг байна. Ингээд бодохоор цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Тэр үед ид сайхан гялалзаж явсан сор болсон жүжигчид өнөөдөр бидний дунд алга.
-Гармаагийн дүрд тоглосон Ч.Алтан-Өлзий гуайтай хамгийн сүүлд хэзээ яаж, уулзав. Өвдчихсөн байхдаа таныг ороод ирэхэд маш их баярлаж байсан гэж сүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан?
-Би Ч.Алтан-Өлзийтэйгээ байнга биш ч уулздаг байсан. Залуу байхад чинь хүн нэг их юм тоодоггүй юм байна билээ. Кинонд тоглочхоод тус тусынхаа амьдралаар яваад өгсөн. Ч.Алтан-Өлзий маань УДЭТ-ын мундаг жүжигчин болсон. Би дуучин болсон. Бид хоёр хоёулаа МУГЖ гэх эрхэм хүндтэй цол хүртсэн гээд хувь хувьдаа амжилттай л явсан. Сүүлд TV9 телевизийнхэн "Зүүд биш байгаа даа" гээд нэвтрүүлэг хийгээд надад санал тавьсан. Ч.Алтан-Өлзийд маань гоё байшин барьж өгсөн. Тэгэхээр нь би саналыг нь хүлээж аваад орж ирэхэд би сайхан уртын дуу дуулаад зогсож байя гэж хэлсэн. Гаднаас орж ирэхэд нь би дуу дуулаад зогсож байсан. Маш их баярласан байна лээ. Дараа нь би хүүхдүүдтэйгээ хамт нэвтрүүлэг хийхдээ Ч.Алтан-Өлзийтэйгээ хамт нэг жижигхэн хэсэгт нь хамт тоглож, гэр бүлийн хосын дүрийг гаргаж байсан. Үүний дараа Ч.Алтан-Өлзий ходоодны хорт хавдар болсон гээд дүү нар нь над руу яриад бид нар хандивын тоглолт хийсэн. Үүнээс хойш байнга харилцаатай гэрээр нь орж гарч байсан. Намайг очихоор маш их баярладаг байсан. Бие биедээ сэтгэлийн дэм өгөх учиртай хүмүүс байсан байх гэж боддог.
-МУГЖ Ч.Алтан-Өлзий гуай амьд ахуйдаа "Өнөр бүл" киноны хоёрдугаар ангийг хийх тухай ярьж байсан. Энэ тухайгаа тантай ярьж байв уу?
-"Өнөр бүл" киноны хоёрдугаар ангийг хийе гэж ирсэн. Зохиолыг нь гэр бүлийнх нь хүн бичсэн байсан. Ивээн тэтгэгч олдвол хоёрдугаар ангийг нь хийе гэж байсан боловч хийж чадаагүй.
-Та тухайн үед зохиолыг нь уншиж үзсэн үү?
-Үзсэн.
-Хэрэв хоёрдугаар анги хийгдсэн бол Цэрмаа, Гармаа хоёрын түүх цааш хэрхэн өрнөх байсан бол. Товчхон мэдээлэл өгөөч?
-Би онгоцонд суугаад хөдөө гэр рүүгээ явж байгаагаар кино дууссан. Хоёрдугаар анги Гармаа миний хойноос намайг хайж очоод үйл явдал өрнөж байсан санагдаж байна. Мэдээж завсар нь будилна.
/ИНЭЭВ/