Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Гишүүд чуулганы хуралдаанд дуртай сэдвээрээ ярьдаг бус бүлгээрээ мэтгэлцдэг зарчим руу шилжих ёстой

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
4 минут 27 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар зайлшгүй батлагдах ёстой гол хуулиудын нэг нь УИХ-ын дэгийн тухай хууль юм. Тэгвэл бид дэгийн хуульд орж буй өөрчлөлт, онцлог заалтуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулганаар батлах ёстой хамгийн чухал хуулийн нэг нь дэгийн тухай хууль. Тэгэхээр 126 гишүүнтэй шинэ парламент чуулганы хуралдаанд бүлгийн зохион байгуулалтад орж, олонх болсон намын гишүүд илүү үг хэлдэг байх дэг рүү шилжинэ гэж буй. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-УИХ-ын чуулганаар нэг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал орж ирэхэд хугацаа 90 минут гэж байгаа. Тухайн хугацаагаа даргын зөвлөл дээр ярьж суудалтай намууд болон, бие даан сонгогдсон гишүүдийнхээ дунд хувьчилж авч үзнэ. Жишээ нь олон суудал авсан нам нь тухайн 90 минутын 30 минутыг нь авч үг хэлэх маягаар явж, үлдсэн хугацаанд бие даагч гишүүд үг хэлэх эрхтэй болох юм.

Мэдээж 126 гишүүнтэй болох учраас бүх гишүүд үг хэлж, асуулт асуух болбол чуулганы үйл ажиллагаанд хүндрэл үүсч, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэхэд багагүй цаг авна.

Тиймээс олон гишүүнтэй парламентын жишгийн дагуу аль болох бүлгийн мэтгэлцээн рүү чиглэдэг байх ёстой гэсэн байр суурьтай байна. Түүнээс биш гишүүн бүр дуртай сэдвээрээ ярьдаг парламент манайхаас өөр улсад байхгүй.

Хуулийн төсөлд дөрвөн асуудалд огт минутын хязгаар тогтоохгүй байхаар зааж байгаа. Улсын төсөв, мөрийн хөтөлбөр, жилийн үндсэн чиглэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөд хязгаарлалт тогтоохгүй гэсэн үг. Мөн байнгын хороодод гишүүд үг хэлэхэд хугацаа хамаарахгүй.

-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?

- Одоо байгаа хуулийн зохицуулалтаар прокурорын саналаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлчихээр тухайн гишүүн хуулийн байгууллагад шалгагдаж байх явцдаа ажлаа хийх боломжгүй болчхож байгаа юм. Үүний цаана сонгогчдын эрх ашиг хохирч үлддэг. Тиймээс бүрэн эрхийг дордуулахгүй байх үүднээс халдашгүй байдлыг нь салгах шаардлагатай.

Хэрвээ ямар нэг хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа тохиолдолд халдашгүй байдлыг нь салгачхаж болно. Ингэснээр хууль хяналтын байгууллага саадгүйгээр нэгжлэг хийж, саатуулж болох боломжийг нь олгож байгаа гэсэн үг. Дараа нь шүүх дээр бүрэн эрхтэй холбоотой асуудал орж ирвэл тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

-Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох дээд байгууллагаасаа давсан эрх мэдэлтэй байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Ялангуяа Засгийн газрын эрх мэдлийн хүрээг УИХ-ын дэгт зангидах шаардлагатай талаар хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Тухайлбал, хуульд нэг сайд нэг л байнгын хороонд ажиллахаар тусгасан байна. Үүнийг та юу гэж харж байна?

- Сүүлийн үед манайхны нэг ярианы гол сэдэв бол энэ. Сайд нарыг Ерөнхий сайд томилдог болчихсон учраас зарим сайдууд парламентад хүндэтгэлгүй хандаж байгаа асуудал ажиглагддаг. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нар нь Ерөнхий сайдынхаа араар орчхоод хариуцлагаас зугтаж байна гэдэг шүүмж бий.

Тиймээс хуульд байнгын хорооны гишүүд олонхоороо тухайн сайд ажлаа хийж чадахгүй байна гэж үзвэл Ерөнхий сайдад санал оруулдаг, түүний дагуу арга хэмжээ авдаг байх шахалтыг л бий болгож байгаа юм.

Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.