УИХ-ын тухай хуулиар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, дахин сонгогдоогүй тохиолдолд авч байсан цалингийн 12 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг төрөөс нэг удаа олгодог зохицуулалт үйлчилж буй. Уг зохицуулалтыг өнгөрсөн парламентаар ажлын хэсэгт багтсан гишүүд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хийсэн хэмээн шүүмжлэл дагуулж байсан юм.
Энэ талаар хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тодруулахад "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд, шинэ парламент өргөжиж 126 гишүүнтэй байхаар заасан байдаг. Энэ хүрээнд бид УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуралдааны дэгийн зохион байгуулалт, зохицуулалтыг хийж өгөхөд гол зорилго байсан. Харин УИХ-ын тухай хуульд заасан гишүүний тэтгэмжтэй холбоотой заалтыг хөндөөгүй бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ямар нэг зохицуулалт нэмж эсвэл хасаж тусгаагүй. Улс төрийн зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдэг агуулгаар цоо шинэ заалт оруулаад батлуулчихсан мэт гүтгэлэг, дайралтууд их ирсэн. УИХ-ын тамгын газраас 1992 онд анх батлагдсан УИХ-ын тухай хуульд заасан заалт үндсэндээ хуулийн өөрчлөлтүүдэд хасагдаагүй явж ирсэн гэдгийг тайлбарласан байсан. Тиймээс ЗГ нэг талаас парламентыг муухай харагдуулах оролдлого хийж, хувь гишүүнийг чиглэж улс төрийн дайралт хийдэг хуучин хандлагаасаа салах цаг болсон гэж хэлмээр байна" гэв.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!