2025 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.
Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.
Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
- Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
- Улсын дугаар авсан байх;
- 2 талдаа тольтой байх;
- Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
- Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
- Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
- Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!