ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхэд хамгааллын бодлого үр дүнтэй болоход дахиад хэдэн амь хэрэгтэй вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 30 секунд

Хэдхэн хоногийн өмнө 3 жаахан охин гэртэйгээ галд өртөн амиа алдсан эмгэнэлт явдалтай зэрэгцээд Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үйл ажиллагаанууд зохиогдож, дарга нарын уран үгтэй мэндчилгээнүүд хөврөв. Одоо ч үргэлжилсээр. Улс нийтээр цоожтой хаалганы цаана нэгэн зэрэг зогссон 3 хүүхдийн амь, хойд эцэгтээ харгисаар зодуулсан жаахан охины нүд халтирам зургийн талаар шуугиж, үртэй бүхний элэг эмтэрч байхад хүүхдийн байгууллагынхан харин “Бид хүүхдийн байгууллагынхан-100” үндэсний форумыг зохион байгуулж, нээлтэн дээр нь Б.Баярсайхан дарга “100 жилийн арвин их туршлагыг бие сэтгэлээрээ бүтээлцсэн хүүхдийн төлөөх ажилтнууд бид” хэмээн уянгалж байлаа.

Хүүхэд хамгааллын 100 жилийн туршлагатай Монгол Улсад жилд 1000-1500 хүүхэд амиа алдаж байна. 10-14 насны хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт байна. Нас барж байгаа энэ насны 5 хүүхэд тутмын 1 нь үхэхийг сонгож байна. 1-4 хүртэлх насны хүүхдүүдийн гэнэтийн ослоос үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаан нь усанд живэх байна. Сүүлийн 5 жилийн дотор зөвхөн зам тээврийн ослоор гэхэд 284 хүүхэд амиа алдсан байна.

Хүүхдүүд тогонд цохиулж, тоглож яваад хашлаганд дарагдаж, лифтнээс унаж, галд шатаж, усанд живж, машинд дайруулж, сураггүй алга болж, хүчиндүүлж, томчуудын гарт харгисаар зодуулж амиа алдаж байхад 100 жилийн түүхтэй хүүхдийн төлөөх байгууллагууд юу хийж байв?

Угтаа бол манай улс хүүхдийн тоондоо ахадсан олон хүүхдийн төлөөх байгууллагатай. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Монголын хүүхдийн байгууллагын ажилтны холбоо, Хүүхдийн байгууллагын ахмад ажилтны холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг бүрийн Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар тэргүүтэй улсын байгууллагууд бий. Дээр нь нэмээд 200 орчим хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ бий. Гэтэл үр дүн нь ийм үзүүлэлттэй.

3.5-хан сая хүн амтай монголчууд жил бүр мянга мянгаар нь хүүхдүүдээ алдаж байгаа нь уг нь энэ улс орны Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал баймаар. Гэтэл захын хурган дарга харалган төрийн золиос болж, хогийн цэг дээр амьдрал тэмцэж яваа хүүхдүүдийг үзүүлэн болгож, хүүхдээ айлгах зэвсэг болгон даапаалж байх жишээтэй. Ийм статистик үзүүлэлттэй атал 100 жилийн туршлагаа шагшин магтаж, баярын мэндчилгээнүүд хөвөрч байгаа нь дэндүү хоржоонтой. Төрийн алдаатай бодлого, томчуудын хайхрамжгүй байдлаас болж хүүхэд амиа алдах бүрт бүх нийтээр нэг өдөр сошиалд шуугиад л маргааш нь мартчихдаг жишигтэй улс юм бид.

Сүүлийн жилүүдэд болсон хэдхэн жишээг сануулъя.

2020 оны 2-р сарын 5. Дархан-Уул аймагт 3 жаахан хүүхэд цоожтой хаалганы цаана пар задарч халуун усанд түлэгдэн амиа алдсан.

2020 оны 5-р сарын 27. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан

2020 оны 6-р сарын 11. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байсан 10 настай хүүхэд 10 давхраас унаж, нас барсан

2018 оны 6-р сарын.28. Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах “Эко шинэс” эмийн сангийн хаалганы бариулаас барин тогонд цохиулж бас нэг хүүхэд амиа алдсан.

2018 оны 6-р сарын 18. 11 настай хүү хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад, хөндлөвч төмөрт даруулан амиа алдсан.

2022 оны 1-р сарын 26. Эвдэрхий лифт налсан 3 настай хүү 7 давхраас доош унаж амиа алдсан. Тохиолдол бүрт монголчууд нэг өдөр сошиалд шуугиад л тэгсгээд мартацгаасан.

Хэдхэн өдрийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд гэртэйгээ шатаж нас барсан 3 нялх хүүхдийн талаар ч одоо зарим нь мартчихсан байх. Бид хүүхдүүдээ ингэж л хамгаалдаг. Бид хүүхдүүдийнхээ төлөө ингэж л дуугардаг. Дахиад хэчнээн хүүхдийн амь үрэгдэж байж Монгол Улсын хүүхэд хамгааллын бодлого үр дүнтэй болох вэ? Дахиад хэчнээн эцэг эх үрийнхээ ард “хатаж” үлдэж байж хайхрамжгүй байдал өөрчлөгдөх вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
 
Монголын хоккейчид Сингапурын багийг хожиж, хоёр дахь хожлоо байгууллаа
Монголын хоккейчид Сингапурын багийг хожиж, хоёр дахь хожлоо байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!