Хуульч Р.Булгамаа өнгөрсөн хугацаанд БНСУ руу зорчиж буй монгол иргэдийн эрх зөрчигдөж буй асуудлыг хөндөөд байсан. Энэ хүрээнд тэрбээр тус улсын хил дээрээс буцаагдаж иргэд болоод монгол руу буцах хүртлээ саатуулах байранд орж байгаа иргэдийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой шаардлагуудыг БНСУ-ын Элчин сайдын яаманд тавьсан байдаг. Тэгвэл үүний үр дүн эхнээсээ гарч эхэлсэн талаар тэрбээр сошиал сувгаараа дамжуулан мэдээллээ.
Энэ талаар тэрбээр "БНСУ-ын визтэй холбоотой МУ-н иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар стратегийн өмгөөлөл үзүүлж, тус улсаас манай улсад суугаа ЭСЯ хийгээд холбогдох байгууллагуудад 6 сарын туршид үе шаттай хандсаны дагуу зохих үр дүнд хүрчээ. Өнөөдөр БНСУ-н Үндэсний Ассемблейн дарга энэ асуудалд анхаарч ажиллахаа УИХ-н дарга Д.Амарбаясгаланд илэрхийлсэн байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 29-нд хил дээрх нөхцөл байдал, саатуулах байрны бодит байдалтай танилцахаар Монгол Солонгосын Парламентын бүлгийн дэд дарга БНСУ-руу нисэж байна
Мөн БНСУ-ын ЭСЯ-аас виз олголтын хугацаа 15-20 хоног болон багасаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Ебаримт өгч эхэлсэн гэдгээ мэдэгдлээ. /70071020/ Өнөөдөр Татварын Ерөнхий Газарт гаргасан гомдлын мөрөөр албаны хүмүүстэй уулзахад OpenData-д бүртгэлгүй аж ахуйн нэгж ч үйл ажиллагаа явуулж байсан талаарх мэдээллийг авлаа. Татварын шалгалт дууссаны дараа олон нийтэд албан ёсоор мэдээлэл хийж, иргэн миний гомдлын хариуг албан ёсоор бичгээр өгөх юм байна. Иргэн миний хувьд тултал явлаа. Элчин сайдыг Төрийн ордонд дуудуулж өмнөө суулгаад иргэдийн асуудлыг хэлсэн ч энэ талаар сонсоогүй, албан бичгүүд ирээгүй гэж мэлздэг юм билээ. Эцэст нь баримтуудыг гарт нь бариулаад явуулсан. Ажлаа хийх ёстой хүмүүс нь ажлаа зоригтой хийцгээ.
Цаашид иргэдийн эрх зөрчигдөж байгаа бусад асуудлын хүрээнд салбарын яам Гадаад харилцааны яам анхаарч ажиллана гэдэгт найдаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!