Өнөөдрөөс Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэллээ. Тус чиглэл нь Тэнгэр плазагаас 11:00, 15:30, 19:30 цагт Улаанбаатар хотоос хөдлөх бол Багахангайгаас 09:00, 13:30, 17:30 цагийн хуваарийн дагуу явах юм. Зогсоолын хувьд, Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол гэсэн маршруттай байх юм. Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболдын хэлснээр нийтийн тээврийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгж хариуцдаг байсан ч хүртээмж хангалтгүй, эрэлт их байжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна. Энэ дагуу автобусны хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Дашрамд дурадахад, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу эхний автобус явж эхэлж байгаа юм.
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!