Б.ЭНХЗАЯА: “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны үеэр оролцогч Б.Чинзоригийг уудаг гэж хэлснээс болоод маш их дайралт ирсэн учраас фэйсбүүкээ хаасан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 19 секунд

"Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны нэгдүгээр улирлын оролцогч, "МӨРЧ" олон ангит киноны хатны дүрд тоглосон залуу жүжигчин Б.Энхзаяаг UBN сайт онцолж ярилцлаа.

-"Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны үеэр хатны дүрд тоглохыг хүсдэг гэж байсан. Саяхан "Мөрч" олон ангит кинонд хатны дүр бүтээлээ. Таны хүсэж байсан хатны дүр мөн байсан уу?

-Мэдээж үгүй /инээв/. Миний бүтээхийг хүсдэг хатны дүр бол Чингис хааны хамгийн хайртай Хулан хатан. Гэхдээ тэр том дүр дээр ажиллахын тулд туршлага, чадвар хэрэгтэй. Би бол болоогүй.

-Мөрч" олон ангит кинонд хатны дүрд тоглох санал танд яаж ирсэн бэ?

-Хатны дүрийн сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатнаас надад санал ирсэн. Тэнгисийн эрэгт оролцож байх үедээ хатны дүрд тоглохыг хүсдэг гэж хэлсэн болохоор санал тавьсан болов уу гэж бодож байна. Шалгаруулалт ороход "Чи нүцгэлж чадах уу. Секс сцен байгаа" гэж надаас асуусан. Зохиолоо бүтэн уншаагүй хэрнээ хатны дүр гэхээр нь "Тэгье, тэгье. Би чадна" гээд хэлчихсэн. Дараа нь зохиолоо уншаад үзсэн чинь миний төсөөлснөөс өөр нилээн ширүүн хатан байсан. Тухайн үед бага зэрэг эргэлзсэн учраас ээжээсээ асуугаад үзье гэж шийдээд асуусан. "Киноны санал ирсэн. Сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Мундаг жүжигчидтэй хамтарч тоглоно. Гэхдээ нүцгэлэх юм байна. Секс сцен бас байгаа. Та юу гэж бодож байна" гээд л шууд асуучихсан. Ээж маань надад "Дөрвөн жил хүнээс зөрж, наад мэргэжлээ эзэмшчхээд иймхэн зүйлээс айж байгаа юм уу. Өөрөө чадна гэж бодоод санаанд чинь багтаж байвал тогло. Өөрийгөө сориод үз" гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод л огтхон ч эргэлзэхээ больчихсон.

"СЕКС СЦЕНҮҮД БҮГД Л ХЭЦҮҮ БАЙСАН"

-Ярилцлага эхлэхээс өмнө ч тэр, одоо ч тэр "хэцүү байсан" гэх үгийг олон хэллээ. Яг аль хэсгийн зураг авалт танд тийм хэцүү санагдсан юм бол?

-Та нар мэднэ дээ /инээв/. Секс сценүүд бүгд л хэцүү байсан. Яаж ч бодсон тэр олон хүний өмнө Монгол түмэнд тэр талаа харуулна гэдэг чинь тийм амар биш шүү дээ. Мэдээж зохиолоо уншаад тийм зураг авалтууд байгаа гэдгийг мэдэж байсан ч анхны гол дүр, туршлагагүй залуу жүжигчинд шууд тийм дүрд тоглоно гэдэг төсөөлснөөс хэцүү юм байна лээ. Ноёны зүүдний сцен бол бүр хамгийн хэцүү байсан. Би бүр туслах найруулагчдаа энэ сценийг авахгүй байж болохгүй юу гэж хэлээд чин сэтгэлээсээ уйлсан. Мэдээж зохиолынхоо дагуу явах ёстой учраас миний мэргэжлийн бус гуйлтыг хүлээж аваагүй. Тухайн үедээ хэцүү санагдаж байсан ч ард гарсны дараа сэтгэл уужраад сайхан болчихдог. Надад маш их зүйлийг ойлгуулж, эзэмшсэн мэргэжлийнхээ мөн чанарыг таньж ойлгоход тусласан гоё аялал байсан гэж хэлмээр байна.

-Анхны гол дүр амаргүй байсан бололтой?

-Туршлагатай гоё багтай хамтарч ажилласан учраас айж байсан ч ард нь гарч чадсан. Н.Ялалт ах, Б.Батмэнд ах, Л.Жижжалам эгч, О.Оюун эгч гээд үлгэр дууриалал авч явдаг мундаг жүжигчидтэйгээ хамтарч тоглосон болохоор маш их зүйл сурч, асар их туршлага хуримтлуулж чадсан гэж бодоод маш их баяртай байгаа. Мэдээж найруулагчийнхаа зааж, зөвлөсний ачаар амжилттай ард нь гарч чадсан. Гэхдээ би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хэдий гаднаас нь харахад самуун хатан юм шиг харагдаж байгаа ч яг тэр бүсгүйн оронд би байсан бол яах байсан бол гэж бодоод үзэхээр төсөөлөхөд хэцүү. Маш өрөвдөлтэй эмэгтэйн дүр. Тийм ч учраас би энэ дүрдээ маш их хайртай.

-Киногоо үзэж байгаа юу?

-Үнэнийг хэлэхэд 5 дугаар ангийн эхлэлийг үзэж чадаагүй. Хурцтай голын эрэг дээр авахуулсан тэр сценыг бол яагаад ч үзэж чадахгүй юм байна лээ. Бусад бүх ангийг нь алгасахгүй үзсэн. Анх "Тэнгисийн эрэг дээрх 24/7" гарч байхад ичээд өөрийгөө үзэж чаддаггүй байсан. Одоо бол сурчихсан байна лээ. Алдаа, оноогоо харж, өөртөө дүгнэлт хийгээд үзэж байгаа.

"“МӨРЧ“-Д ТОГЛОСНООС ХОЙШ СЕКС СЦЕНТЭЙ, ЭСРЭГ ДҮРИЙН САНАЛ ИХ ИРСЭН. ОДОО БОЛСОН БАЙХ АА. ДАХИЖ ТОГЛОХГҮЙ"

-"Мөрч" цацагдаж эхэлснээс хойш киноны санал их ирсэн үү?

-“МӨРЧ“-д тоглосноос хойш секс сцентэй, эсрэг дүрийн санал их ирсэн. Одоо болсон байх аа. Дахиад ийм дүрд тоглохгүй.

-Хүмүүс яаж хүлээж авч байх шиг байна?

-Би "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоунд орсноосоо хойш фэйсбүүк ашиглахаа больчихсон. Шоуны үеэр Чинзог уудаг гээд хэлснээс болоод маш их дайралт ирсэн. Анх удаа тийм зүйлтэй нүүр тулсан учраас амар байгаагүй. Сая Мөрч гарч эхэлсний дараа ч фэйсбүүк орно гэхээс айж байсан. Хүмүүс юу гэж хэлэх бол. Яаж хүлээж авах бол. Намайг юу гэж байгаа бол гээд айдастай байсан. Гэхдээ санасныг бодвол гайгүй. Шүүмжлэл гэхээсээ илүү магтаал нь их байсан гэх мэдээллийг ойр дотныхон маань өгч байгаа. Бас "Нээх гоё хатны дүр бүтээхийг хүсдэг гэчхээд нээх аймар хатны дүрд тоглочихон байна" гэдэг яриа ч гарсан байсан.

-Шоуны дараа оролцогчидтой холбоотой үнэн, худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээлэл цацагдаж байсан. Дайралтууд ч их байх шиг байсан?

-Би боломж олдвол тайлбар хийх юм сан гэж их боддог байсан. Тэнгисийн эрэгт надтай хамт орсон хүүхдүүд бүгд даруухан, хүмүүжилтэй хүүхдүүд байсан. Хүмүүсийн бичээд байсан шиг архи уугаад шөнө орой элдэв янзын асуудал үүсгэсэн зүйл нэг ч байхгүй. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нэг нэгнийнхээ өрөөнд ч ордоггүй байсан. Өдөржингөө зураг авалттай ядарсан хүмүүс орой болохоор ядраад өрөөндөөө ороод л унтацгаадаг. Гэтэл яагаад тийм худлаа юмыг зохиож яриад байдгыг яг үнэндээ ойлгоогүй.

"БҮХ КИНОНД ТОГЛОДОГ БИШ. ӨӨРИЙГӨӨ ЭВДСЭН, ЧАНАРТАЙ ГОЁ ДҮРД Л ТОГЛОХЫГ Л ХҮСДЭГ"

-Нэгдүгээр улирлын оролцогчидтойгоо одоо хүртэл холбоотой байдаг уу?

-Тэгэлгүй яахав манайхан одоог хүртэл дотно хэвээрээ. Хамтдаа өнгөрүүлдэг цаг ч их байдаг болохоор "Байнга хамт явцгааж байх юм аа. Амь нэгтэй юм" гэдэг үгийг их сонсдог.

-Сошиал орчноос гадна гадуур явахад зөрж өнгөрсөн хүмүүсийн хандлага бас их мэдрэгддэг байх?

-Анх манай үеийнхэн Тэнгисийн эрэгийн Заяа байна гээд шивнэлдээд өнгөрдөг байсан. Одоо дээшээ үеийн ах, эгч нар хүртэл Мөрчийн аймар хатан байна гээд өнгөрдөг болсон. Эхэндээ иймэрхүү зүйлд дасаагүй болохоор жаахан эвгүй байдаг байсан бол одоо бүр дасчихсан. "Манай киног үздэг хүн байна даа" гэж бодоод баярлаад өнгөрдөг болсон.

-Б.Энхзаяагийн цаашдын төлөвлөгөө юу байна?

-Бүх кинонд тоглодог биш. Өөрийнхөө тоглохыг хүссэн. Өөрийгөө эвдсэн, чанартай гоё дүрд л тоглохыг л хүсдэг. Тэгэхийн тулд би өөрөө маш их хичээх хэрэгтэй. Мундаг байх хэрэгтэй. Тиймээс өөртөө ажиллаад өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
 
“Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан үйл явдалд хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг шаардав
“Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан үйл явдалд хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг шаардав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!