Хоол зүйч С.Хулангаатай ярилцлаа.
- Амьдралын буруу зуршил гэж юу болох талаар яриагаа эхлүүлье. Юунаас үүдэж энэ буруу зуршил үүсдэг вэ?
- Өдөр бүр, эсвэл хааяа хийдэг зүйл нь зуршил болчихсон, эцэстээ таны эрүүл мэндийг доройтуулах, амьдралын хэв маяг, чанарт нөлөөлж буй зүйлийг хэлдэг.
Жишээлбэл тамхи татдаг байлаа гэж бодоход та өнөөдөр эсвэл маргааш үхэхгүй. Гэхдээ 5, 10, 15 жилийн дараа уушгины хавдар цаашлаад бусад хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс тамхи татах дадал зуршлыг буруу гэж хэлж байгаа юм.
Үүний адил таны хүүхэд чихэр идэж, ундаа уудаг байж болно. Эцэг эхчүүд маань "Өгөхгүй болохоор манай хүүхэд уурлаад байдаг юм" гэдэг. Гэхдээ амьдралынх нь дадал зуршил болоод хэвшчихвэл магадгүй ирээдүйд хүүхдийн тань нас барах шалтгаан, халдварт бус өвчин болно. Чихрээс хамааралтай өвчин үүсэж болно гэсэн үг юм.
- Таны ажигласнаар монголчуудын түгээмэл буруу зуршил юу байна?
- Орой хоол иддэг. Ер нь хүнд буруу амьдралын хэв маяг хурдан суудаг. Хоол идчихээд унтдаг. Тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь биед тухтай байдаг учраас хүнийг залхуу болгодог.
Харин өглөө босоод өөртөө хоол бэлдэх, орой аль болох бага идээд унтах. Эсвэл сүү юм уу тараг ууж унтах нь тухайн хүнийг сорилтод оруулж байдаг. Одоо таны байгаа эрүүл мэнд 10-15 жилийн өмнө юу идсэн бэ гэдгээр тодорхойлогдоно. Тиймээс ирээдүйн 15 жилийн дараа таны эрүүл мэнд ямар байх нь өнөөдөр юу идэж байгаа. ямар амьдралын хэв маягаас шалтгаална.
- Нэгэнт дадал зуршил болсон зүйлийг болихын тулд юу хийх шаардлагатай вэ. Зөвлөгөө өгөхгүй юу?
- Нэгэнт буруу дадал суусан бол ухамсартайгаар шинэ дадал суулгахын тулд хамгийн багадаа 40 хоног тухайн дадлаа хийх хэрэгтэй.
- Ихэнхдээ хүмүүс өглөө өлөн гарах тохиолдол бий. Мөн өлөн ходоодон дээр шууд махан төрлийн хоол иддэг. Энэ нь цаашид ямар үр дагаварт хүргэх вэ?
- Хамгийн эрүүл дадал бол өглөөний цайндаа халуун хоол идэх. Өглөө сайн идвэл орой хоол бага иддэг. Мэдээж огт өглөөний цайгаа уудаггүй хүн гэнэт их хэмжээний мах идвэл ходоод, гэдэс хямарна. Иймээс бага багаар дадал суулгах хэрэгтэй.
- Их хэмжээгээр хоол идчихээд шууд хэвтэх нь ямар сөрөг талтай вэ?
- Дээр хэлсэнчлэн буруу амьдралын хэв маяг хүнд хурдан суучихдаг. Зарим хүн хоолоо идчихээд шууд амардаг, хэвтдэг. Эсвэл оройн хоолоо хэт орой иддэг. Гэтэл ходоод чинь босоо байрлалтай байдаг. Босоо байрлалтайгаас гадна ходоод өөрөө гүрвэлзэх хөдөлгөөн явагдаж байж хоол боловсруулах үйл ажиллагаа эхэлдэг. Харин хоол идчихээд буцаад хэвтвэл сөөргөө буюу ходоодны улаан хоолойн улайлт, хавдар үүсэх эрсдэлтэй байдаг.
Ер нь хоол идчихээд хамгийн багадаа хоёр цаг босож явах хэрэгтэй. Ходоодонд хамгийн ачаалал үүсгэдэг хоол хүнс бол мах. Max нь 4-6 цагийн хооронд шингэдэг. Зарим хүнс аманд ороод минутын дараа задардаг бол зарим нь олон цаг болж задардаг.
Хэрвээ хоол идчихээд шууд унтдаг бол аль болох хөнгөн хоол идэх хэрэгтэй. Хөнгөн хоол гэдэг нь мах бага буюу ходоодонд ороод шууд задардаг хоол хүнс хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг.
- Ер нь эрчүүд өөх идэх нь элбэг байдаг. Өөх идэх нь сөрөг нөлөө бий юү?
- Өөх эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн биш. Аль ч бүтээгдэхүүний хэмжээг хэтрүүлэн хэрэглэвэл хор болно.
- Амьдралын буруу зуршлыг багасгах, эрүүлжүүлэхийн тулд яах ёстой вэ. Зөвлөгөө өгөхгүй юу?
- Мэдээж эрүүл амьдралын хэв маягтай байх, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хоол идэх, өөртөө хоол бэлдэж идэх зэрэг нь ирээдүйд 17 төгрөгийн өгөөж өгдөг.
Магадгүй өөртөө хайнга хандаж, байнга гадуур хоол идээд, дасгал хийдэггүй бол ирээдүйд 17 дахин илүү төлбөртэй эрүүл мэндээ хамгаална гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс өдөр тутмын жижиг дадал ирээдүйн эрүүл мэнд, бие сэтгэлийн хувьд ямар байх вэ гэдгийг шийдэж байдаг. Тиймээс өдөр болгон яг одоо чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эрүүл амьдарч буруу зуршлаа багасгахын тулд залхуурахгүй л байх хэрэгтэй. Гэхдээ том зорилго тавиад 360 градус эргүүлнэ гэж биелэгдэшгүй зорилт тавьж байхаар оройн хоолоо идэхээ байчих. Эсвэл орой мах идэхгүй, оройн хоолоо эрт идье гэдэг ч юм уу өөртөө жижиг зорилго тавьж болно. Эдгээр нь жижиг ч гэсэн эргээд таны амьдралын дадал зуршлыг бий болгож эрүүл мэндийг бүтээж байгаа шүү.