УИХ-ын гишүүн М.МАНДХАЙ: 13 жилийн өмнө батлагдсан ч 50 хүрэхгүй хувийн хэрэгжилттэй байгаа Хүнсний тухай хуулийг шинэчилнэ

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
15 минут 27 секунд

УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа. Түүний хувьд 13 жилийн өмнө батлагдаж байсан Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө боловсруулж эхлээд буй юм.

-Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдлын асуудал өргөн цар хүрээтэйгээр хөндөгдөх болсон. Таны хувьд 2012 жилийн өмнө батлагдаж байсан Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн юм байна. Хуулийн төслийн үзэл баримтлалаа салбарынх нь мэргэжилтнүүдэд танилцуулахад ямар санал дэвшүүлж байх юм?

-Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалыг салбарын судлаачдад хоёр дахь удаагаа танилцуулж, хэлэлцүүлээд байна. Хууль өргөн баригдах хүртэлх хугацаанд бид хүнсний сүлжээнд дэх оролцогч бүх талуудын саналыг авч байж хууль хэрэгжих шатандаа бодитой басхүү иргэдэд ойлгомжтой байх юм. Танилцуулгын явцад хүнсний олон улсын салбарын нэр томъёолол болон монголын нөхцөлд ашиглаж буй нэр томъёоны хооронд зөрүүтэй саналууд гарч ирж байгаа. Жишээлбэл, 2021 онд 20 гаруй судлаачид зургаан жилийн хугацаанд ажиллаж, хүнсний салбарын нэр томъёоны албан ёсны журамласан толийг гаргасан байдаг. Өмнө нэр томъёо тодорхой бус, олон улс болоод дотоодод өөр өөр нэршлээр явж, түүнээс шалтгаалж хуульд үл ойлголцол үүсдэг байдал байсаар ирсэн юм билээ. Энэ нь хүнсний сүлжээнд оролцогч талуудад ихээхэн маргааныг өрнүүлдэг байж. Тэгэхээр энэ байдлыг 13 жилийн дараа хийж буй энэхүү нэмэлт өөрчлөлтөөрөө цэгцлэх ёстой. Ингэж байж салбар өөрөө нэг дуу хоолойгоор ярина.

Иймээс хууль тогтоогчийн хувьд судлаачдад хандан дахин хэлэлцүүлэг хийх ёстой юм байна, зөрчилдөж байгаа талууд нэг дор сууж байгаад нэр томъёогоо тодорхой болгох зайлшгүй шаардлага байна гэж харлаа. Учир нь энэхүү Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй зэрэгцээд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн С.Лүндэг ажиллаж байгаа. Энэ хоёр хууль нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой хуулийн төслүүд юм.

-Хэлэлцүүлгийн шатанд хүнс үйлдвэрлэгчдийн зүгээс ямар байр суурийг илэрхийлж байв?

-Хүнс үйлдвэрлэгчдийн хувьд түүхий эдээ гадаадаас татдаг. Энэ утгаараа тээвэрлэлтэд хугацаа алддаг. Түүхий эдээ татаж авч ирээд, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гэсээр байтал бүтээгдэхүүнийх нь хадгалалтын хугацаа багасдаг. Үндсэндээ хугацааных нь 2/3 нь байхгүй болчихдог. Үүнээс шалтгаалж алдагдал хүлээдэг гэх мэт. Иймд хугацааг нь уртасгаж өгөөч гэх хүсэлтийг ч тавьж байна. Гэхдээ энэ удаагийн өөрчлөлт ганцхан одоо хөндөөд орхих зүйл биш. Хамгийн гол нь нэгдэж орсон гэрээ, конвенцынхээ дагуу хүн амаа хүртээмжтэй хүнсээр хангах, хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах ёстой. Эдгээрийг хангасны дүнд монгол хүн эрүүл чийрэг, бүтээмжтэй байж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах чадамжтай байна. Бидний урт хугацааны Алсын хараа 2050, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай арга хэмжээн дээр хүртэл хүнсний шим тэжээллэг байдлыг хангахаар тусгасан байдаг.

-Таны хувьд парламентад анх удаа сонгогдон ажиллаж байгаа гишүүн. Яагаад энэ чиглэл дэх асуудлыг хөндөхөөр "барьж авсан" юм бэ. Хүнсний салбарын нөхцөл байдал, гол асуудлыг юу гэж харав?

-Ер нь хүнсний аюулгүй байдалд үндсэн гурван зарчим бий. Хүнсний хангамж хангалттай, хүртээмжтэй, шим тэжээллэг байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд энэ гурван зарчим алдагдчхаад байгааг хуулийн үр дагаврын судалгааг хийхэд гарч ирж байгаа юм.

Хүнсний тухай хууль ердөө 32.5 хувийн хэрэгжилттэй явж ирсэн байна. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлын тулгуур гурван зарчмын хувьд аваад үзье. Хүнсний хангамж. Бид хүнснийхээ 46 хувийг импортоор хангаж байгаа. Хил хаахад л бидний хүнсний хангамжийн тал хувь нь байхгүй болохоор байна. Ковидын үеэр л гэхэд бид үүнтэй холбоотойгоор тодорхой эрсдлүүдийг үүрлээ шүү дээ.

Хоёрдугаарт, хүнс хүртээмжтэй байна уу. Өнөөдөр орон нутаг болон нийслэлийн иргэдийн идэж байгаа хүнсний төрлийг хараав үзвэл, ялгаатай байгаа нь үнэн. Жимс ногоо ялангуяа шим тэжээлтэй элементүүдийг агуулсан хүнс нь Улаанбаатарт илүү борлуулагдаад байдаг. Гэтэл хөдөө орон нутагт очвол гурил, сүү, мах, ургамлын тос зэрэг хэрэглээнд нь байгаад байна. Өөрөөр хэлбэл, хүнсний хүртээмжийн баланс нь алдагдчихсан байна гэсэн үг.

Гуравдугаарт, шим тэжээл ямар байна вэ. Хүний бие физилогид зохистой хэмжээнд байх ёстой нүүрс ус, уураг, эрдэс минералууд нь агуулагдаж байна уу гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Мөн эрүүл ахуйн байдал хангагдсан байна уу гэдгийг харах хэрэгтэй болж таарна. Ялангуяа хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа салбарынхан хоол хүнсээ эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд үйлдвэрлэж байна уу гэх асуудал байна. Улмаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хүнс үйлдвэрлэл явагдсанаас үүдэж хоолоор дамжиж нян бактери дамжих нөхцөл болно.

ХСҮТ-өөс хийсэн судалгаагаар зохисгүй хооллолтоос болж хүн ам шим тэжээлийн алдагдалд орж улмаар энэ нь хавдрын өвчлөлд 35 хувиар нөлөөлж байна.

Хүн амын зохисгүй хооллолт, баталгаагүй хүнс хэрэглэж буй байдал, хүнсний талаарх мэдлэг мэдээлэл дутмагаас өвчлөл улам нэмэгдсээр байна. Нэг талдаа эдгээрээс шалтгаалж эрүүл мэндийн салбарын зардал өсөөд байдаг. Гэтэл нөгөө талд хүнсний баталгаат байдал алдагдаад байдаг. Тиймээс бид энэ асуудлыг нэн яаралтай шинэчлэх хэрэгтэй.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр гол хөндөх асуудал бол хүнсний аюулгүй байдлыг хангах хяналтын зөв тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Зөв тогтолцоог бүрдүүлэхгүйгээр өвчлөлөөсөө ангижирахад хүндрэлтэй.

Жишээлбэл, хүүхдүүдийн дунд хүртэл таргалалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудлууд нь хүнд түвшинд хүрчихсэн байна. Зөв хүнсээ хэрэглэдэг, хэрэглэдэг хүнс нь баталгаатай, түүнээс авах шим тэжээл нь өндөр байвал хүн амын өсөлт, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хэрэгжинэ. Тэгэхээр зөвхөн хүнсний аюулгүй байдал биш Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халтай орчин үүсч буй учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж ажиллаж байна.

-Тодруулаад асууя гэж бодлоо. Одоогийн хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийсэн гэв үү?

-Тийм ээ. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Хүнсний тухай хуульд хийсэн үр дагаврын хэрэгжилтийн үнэлгээ нь 32.5 хувьтай гарсан.

-50 ч хүрэхгүй хувьтай хэрэгжсэн гэхээр маш хангалтгүй байна?

-Тэгэлгүй яахав. Хангалтгүй үзүүлэлт шүү дээ.

-Хуулийн төсөлд хүнсний хяналтын тогтолцоог тодорхой болгох зорилт байгаа гэж ойлгосон. Ялангуяа хяналтын субъектээ тодорхой болгох шаардлага байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаас хойш хяналтын асуудал мухардчихсан. Тэгэхээр хяналт тавих субъектыг хэрхэн шийдэх ёстой юм бэ?

-Мэргэжлийн судлаачдын хэлж байгаа нэг чухал зүйл байгаа. Өмнө Мэргэжлийн хяналтын байгууллага байхад байсан хүнсний хяналтын бүрэлдэхүүн бүтэц маань салж тодорхой хэсэг нь яаманд очсон. Яам дээр 9-н хүний бүтэцтэй, лаборатори нь тодорхойгүй. Яаж 9-хөн хүн Монгол Улсын хүнсний хяналтыг хариуцаад явах билээ дээ. Хоёрдугаарт, лабортаори өөрөө судалгаа шинжилгээгээ хийж, хяналтаа тавина. Гэтэл хүнсний лаборатори нь өөрөө стандартаа гаргаад байгаа байхгүй юу.

Өөрийнхөө гаргасан стандартаа өөрөө хянаад явна гэдэг чиг үүргээ алдчихсан зүйл яриад байна. Стандартаа өөрөө гаргаад, өөрөө түүнийгээ судлаад, өөрөө хяналаа тавиад явж байгаа бүтэц яаж аюулгүй, баталгаат байдлыг хангаж ажиллах вэ дээ.

Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний баталгаат байдал зохистой түвшинд хэрэгжиж байгаа юу гэдэгт бие даасан агентлаг хяналт тавих ёстой.

Баталгаат байдал нь алдагдсан хүнс үйлдвэрлэх эсхүл тухайн бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр очихоос өмнө шаардлага, хяналтаа тавьдаг бие даасан бүтэц байх ёстой болж байна. Тэгэхээр энэ алдагдчихсан байгаа системийг шинэчлэх заалтыг хуульд тусгахаар ажиллаж байгаа юм.

-Үндэсний лабораториуд нь хүнсийг лангуун дээр тавигдсан хойно нь шинжилж, асуудлыг нь гаргаж ирээд байгаа нь манайд хүнсний баталгаат байдал алдагдсан байгаагийн илрэл-

-Хүнсний асуудалд ялангуяа лабораторын асуудлууд ихээр хөндөгддөг. Хувийн хэвшлүүдийн зүгээс ч лаборатори тал дээр хамтраад явах боломжтой талаар хэлэлцүүлгийн үеэр ярьж байна лээ?

-Энэ асуудлыг Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд оруулж өгч байгаа. Ингэснээр хяналтын систем дээр байгаа бүх оролцогч субъектуудад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг оруулж өгч байгаагаараа давуу талтай. Төр тодорхой түвшинд хяналтаа тавих ёстой.

Юуг, яаж, ямар аргаар хянах ёстой вэ гэдэгт бүх хяналтыг төр бий болгож чадахгүй. Тэгэхээр аль хэдийнэ хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа хувийн хэвшлийн лабораториудтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй.

Нөгөө талдаа хянаж чадахгүй байгаа хүнс, пестицид, антибиотекийн үлдэгдэл гэх мэтээр хувийн хэвшилдээ хандаж, тэнд ч хянах систем бий болчхож байгаа юм. Манай импортоор авч буй хүнс 46 хувийг эзэлж байна. Бидний хэрэглэж буй хүнсний тал хувь нь импортоор оруулж ирж байгаа учраас түүхий эд болон боловсруулсан хүн хоёрт хяналт тавих шаардлагатай. Ялангуяа хил гааль дээр байгаа хяналтыг маш сайжруулах ёстой. Малын гаралтай хүнсэн дээр хүртэл хил дээр хяналтаа тавьж чадахгүй байгаа. Үндэсний лабораториуд нь хүнсийг лангуун дээр тавигдсан хойно нь шинжилж, асуудлыг нь гаргаж ирээд байгаа нь манайд хүнсний баталгаат байдал алдагдсан байгаагийн илрэл.

-Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ямар үр дүнд хүрнэ гэж харж байгаа вэ?

-Нэгдүгээрт, бид хүнсний баталгаат байдалд буурч буй үзүүлэлтийг сайжруулах боломж бүрдэнэ. Мөн халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад хувь нэмрээ оруулна. Ер нь бидний хамгийн чухал зүйл бол хүнсний аюулгүй байдал. Энэ утгаараа хүнсний хангамжийн асуудал сайжирна. Хүртээмжийн асуудал ч сайжирна. Бас нэг онцлох зүйл бол хоол үйлдвэрлэлийн салбар. Энэ салбар хуулиас гадуур зохицуулагдаж ирсэн. Тэгвэл хуулиас гадуур байж ирсэн энэ зүйлийг хуульд оруулж ирж байгаа. Ингэснээр хүнсний салбарын бүх оролцогч талууд хуулиар зохицуулагдаж эхэлнэ гэсэн үг. Түүнчлэн баталгаат хүнс үйлдвэрлэлийн асуудал сайжрах хууль эрх зүйн орчин бүрдэж өгч буйгаараа онцлог.

Шимт байдлыг мөн нарийвчилж оруулж ирсэн. Жишээлбэл, ЕБС-д бага ангийн сурагчдын хоолны шим тэжээлийн байдлыг аваад үзэхэд 50 хувийн шим тэжээллэг хоол идэж байгаа. Зарим гэртээ хоол ч идэж чадахгүй байгаа хүүхдүүд өдрийнхөө хоолыг сургууль дээрээ очиж иддэг. Гэтэл ядахдаа тэр хоол нь 100 хувийн шим тэжээлтэй байвал хүүхдийн бие махбодын хөгжил, анхаарал төвлөрөлтөд давуу тал үүсэх байтал 50 орчим хувьтай л хангагдаад байгаа юм. Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд хоол өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийнхээ ид өсөж, хөгжих насанд нь шим тэжээллэг хоолоор хангах хэрэгтэй. Ийм учраас шим тэжээлийн асуудлыг хуульд оруулж ирж байгаа.

Ер нь хүнсийг бүх түвшиндээ анхаардаг болохын тулд хүнсийг бүр соёл болгож чаддаг байх хэрэгтэй.

Хятад, солонгосын контентууд хоол хүнсээ бүр соёл болгочихсон байгааг та бүхэн харж байгаа байх. Чанартай хоолоор дамжуулж өөрсдийн цаг завыг зөв зохистой өнгөрүүлж чаддаг байдал манайд алдагдчихсан байгаа. Үүнийг илүү хөгжүүлэх боломжууд гарч ирэх юм болов уу гэж харж байна.

-Хуулийн төсөл одоогоор хэлэлцүүлгийн шатанд яваа юм байна. Хэзээ өргөн барих бодолтой байна вэ. Хаврын чуулгандаа багтааж өргөн барьж амжих уу?

-Энэ хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Аль болох олон оролцогч талуудын чухал саналуудыг авч, хуулийн төсөлдөө тусган ирэх намрын чуулганаар батлуулахаар зорьж байна.

Ярилцсанд баярлалаа

ҮЗЭХ:

Ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй байх зарчим 98.2 ХУВЬТАЙ хэрэгжиж байна гэв
Ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй байх зарчим 98.2 ХУВЬТАЙ хэрэгжиж байна гэв
 
П.Сайнзориг: Би хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй
П.Сайнзориг: Би хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!