Улс төрийн намууд сонгуульд шинэ соёл түгээж оролцохоор боловсролтой, залуу эмэгтэйчүүдээр эгнээгээ тэлсээр байгаа нь намын дотоод томилгоонуудаас харагдаж байна. Тухайлбал, МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооны ээлжит бус хурал 2024 оны 04-р сарын 05-ны өдөр болжээ. Нийслэлийн 9 дүүргийн 170 гаруй төлөөлөгчид оролцож, тус холбооны тэргүүнээр Батмөнхийн Ану-Үжинг сонгосон байна. Энэ нь МАН шинэ залуу үедээ итгэл найдвар өгч буйг батлах томоохон үйл явдал боллоо.
Учир нь Ану-Үжин нь 1994 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Линколн Их Сургуульд Бизнес удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан боловсролтой, шинэ үеийн төлөөлөл юм. Мөн тэр Монголын анхны үнэртэй усны брэндийг үүсгэн байгуулагч, ҮХХ-ийн менежментийн компаний гүйцэтгэх захирал юм байна. Өмнө нь тус холбоог УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг 17 жил удирджээ. Ийнхүү урт хугацааны дараа салхи оруулж буй нь энэ юм.
Гуравдугаар сар эхээр МАН-ын дэргэдэх SDY хуучнаар НАМЗХ-ны удирдах зөвлөл хоёр залуухан бүсгүйгээр хүрээгээ тэлснээ зарлалаа. Тус байгууллагын шинэ Дэд ерөнхийлөгчөөр Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Дэлхийн банкны зөвлөх Б.Тэмүүлэн нарыг томилжээ. Энэ хоёр залуу бүсгүй дэлхийн боловсролыг эзэмшиж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар шийдсэнийг дэмжиж, ийн томилсон нь МАН-ын тэгш төлөөллийг хангахад анхаарч буйн илрэл билээ.
Ийнхүү намууд дотоод бүтэцдээ нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангахын тулд бодитой алхамуудыг хийж байгаа нь харагдаж байгаа ч нэр дэвшигчдийн нэрс тодрох хүртэл сар гаруйн хугацаа байна. Үг, үйлдэл нь зөрөхгүй, улс төрийн хуучин соёлыг халж илүү олон “өнгийн” сонголттой солонгорсон сонгууль болно гэх итгэл байсаар байна.