Өчигдөр хотын дарга Х.Нямбаатар С.Зоригийн хөшөөг зарсан талаарх асуудлыг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн билээ. Тодруулбал, тэрбээр "Зоригийн хөшөөг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ" гэж бичсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, АН-ын дэд дарга, хуульч О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "С.Зориг бол Монголын ард түмний, Монголын ардчиллын баатар. Түүний эгэл даруухан хөшөө улсынхаа нийслэлийн зүрхэнд оршиж, биднээс монгол хүний саруул ухааныг нэхэх мэт төрийн ордныг ширтэн зогсож байдаг.
Харамсалтай нь тэрхүү эрхэм хөшөөг нүүлгэж, Ардчилсан нам байрлаж байгаа байрыг нураах юм байна. Шалтгаан нь нэг шилэн барилга барина гэнэ. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовохын үлгэрээр Ардчилсан нам СТӨ-ний хүзүүвчин барилгаа ХХБ-нд зээлийн гэрээ гэгчээр алдсан бол эдүгээ байрлаж байгаа "Шинэ дэвшилт" холбооны байр С.Зоригийн хөшөөтэй хамт устах юм байна.
Энэ бол ердийн нэг хүрэл хөшөө бишээ. Эрхэм андууд, төрөл төрөгсдөөс нь эхлүүлээд эгэл хүмүүс бужигнаж байдаг ариун газар. Эзэн шигээ даруухан мөртлөө баримталсан зарчим шиг нь босоо мөнхөрсөн дурсгал.
Р.Чойном нэгэнтээ;
Хадуур барьсан үхдэл мэт
Харгалзагч та
Халиурсан үсийг минь
Авах сан гээд байвал
Ав л даа
Авсан үс ахиад ургана
Ахиад авбал дахиад ургана
Ургасан үсийг та нар авахаас
Ургуулах толгойг та нар
Авах сан гэж бодовч
Авч чадахгүй ээ гэсэн шиг үнэхээр өнгө мөнгө нь дийлээд С.Зоригийн хөшөөг зайлуулдаг юмаа гэхэд ардчилагчдын зүрхэн дэх ЗОРИГ-ийг та нар яагаад ч зайлуулж чадахгүй ээ. Ай даа журмын нөхөд минь, ах нарынхаа алдааг давтахгүй, ард олныхоо эрх ашгаас урвахгүй л урагшлах юм шүү" гэжээ.