Өнгөрөгч 2023 оны долоодугаар сард нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас иргэд болон бизнес эрхлэгчид их хэмжээний хохирол амссан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор голын гольдролыг өөрчлөн барьсан "Шунхлай" ШТС, "S'Outlet" дэлгүүрийн барилга болон Акуа Гарден хотхоны хоёр блок барилгыг албадан нураахаар болж, Хотын дарга асан Д.Сумъяабазар захирамж гаргасан бөгөөд одоогоор "Шунхлай" ШТС болон "S'Outlet" дэлгүүрийн барилгыг албадан нурааж буй.
Харин Акуа Гарден хотхоныг нураах Хотын даргын шийдвэрийг эсэргүүцэн "Эм энд жи констракшн" компаниас шүүхэд хандахаа илэрхийлж байсан ба одоогоор уг асуудал шүүхийн шатанд явж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,
"Акуа Гарден хотхоныг нураах асуудал шүүхийн шатанд явж буй. Тиймээс шүүхийн процедурыг хүлээхээс өөр аргагүй. Шүүхээс шийдвэрлэсний дараа үйл ажиллагаагаа явуулахад бэлэн байна" гэлээ.