Захиргааны хэргийн шүүхээс "Aqua garden" хорооллыг нураах шийдвэр гарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг мэдээллийг үгүйсгэлээ.
Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Төгсбуянжаргал "Өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд шинжээч томилогдсон. Уг хэрэг нь одоогоор түдгэлзсэн байдалтай байна. 2023 оны аравдугаар сарын 20-ны Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжаас хойш хойш шүүх дээр ямар ч ажиллагаа хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлт ирээгүй байхад шүүх ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй" гэв.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамж
“Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв.
Захиргааны хэргийн шүүхийн хяналтад буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хүсэлт хэлэлцэх ажиллагааны журмаар шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргасан баримтад үндэслэн шийдвэрлэдэг журамтай байна.
1.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.
2.Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв.
"АВЛИГА ХОРООЛОЛ"-ыг нураана гэж бид ярьсан даа. Хэн эрчим хүчийг нь өгөөд байдаг юм
Хоёр өдрийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Улаанбаатарын газрын наймааны бэлгэдэл болсон "АВЛИГА ХОРООЛОЛ"-ыг нураана гэж бид ярьсан даа. Хэн эрчим хүчийг нь өгөөд байдаг юм. Доромжлоод фасадаа хийгээд, захиалга нь дуусаж байна. Хажууд нь улсаас мөнгө гаргаад, суваг шуудууг нь янзлаад байгаа. Энэ барилгыг зогсоож дийлэхгүй байгаа юм уу" гэх асуултыг тавьсан.
Түүний асуултад Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "АВЛИГА ХОРООЛОЛ"-ыг нураах НЗД-ын захирамж гараад, барилгыг нураах шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн. Өндөр барилгад хяналт тавих эрх БХБЯ-нд байдаг" гэх хариултыг өгсөн юм.