Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуултай ярилцлаа.
------------
-Таныг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байснаар хүмүүс мэднэ. Хотын даргын зөвлөхөөр ажиллах санал хэрхэн ирсэн бэ?
-Би одоо хувийн хэвшилд ажиллаж байна. “ОНДО” компани технологийн хөгжлөөр дэлхийд хөл нийлүүлэх шинэ зүйлийг зохион бүтээх гээд ажиллаж байгаа. Хотын дарга Х.Нямбаатар зөвлөхөөр ажиллах саналыг надад тавьсан. Юу гэж вэ гэхээр нийслэл дэх асуудлуудыг шийдэхийн тулд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд санхүүгийн асуудлыг зөв зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаар туслаад зөвлөөд өгөөч гэсний дагуу би саналыг нь хүлээж аваад аль чадах боломжоороо дэмжлэг үзүүлээд ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхлүүлсэн
-Зөвлөхөөр томилогдсон хүний хувьд ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна. Санхүү гэхээр нийслэлд хамгийн ихээр яригдаж буй метроны асуудал хамгийн эхэнд орж ирэх болов уу?
-Метро бол нэлээн далайцтай төсөл. Олон жил шаардагдана. Мэдээж, нийслэлийн зүгээс энэ төслийг зүгээр л мөнгө төлж явуулахгүй. Хамгийн гол нь шаардлагууд буюу прожект менежментийг хийх тендер зарласан. Хариу нь удахгүй гарах байх. Шалгарсан компанитай энэ төслийг хэрхэн үргэлжлүүлэхэд хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн олон улсад бонд гаргах ажлыг нийслэлээс эхлүүлсэн. Энэ процесст мөн оролцоно. Бид үүгээр юуг шийдэх вэ гэхээр зүгээр нэг урсгал зардал, цалин, тэтгэвэрт зарцуулахгүй. Бонд бол ганц л зориулалттай. Нийслэлийн хойд хэсэгт буй нэлээн томоохон газарт орон сууцны төсөл хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд хийгдэх ажил байгаа.
Өөр нэг ажил бий. Та бүхэн мэдэж байгаа байх. Бид өнгөрсөн өвлийг хүндхэн давлаа. Эрчим хүчний хязгаарлалт нэлээн хийсэн. Нийслэлээс Эрчим хүчний яамтай хамтарч эрчим хүчний хүчин чадлаа өргөжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд томоохон хоёр ч төсөл хэрэгжүүлэх юм. Үүний санхүүгийн ажилд зөвлөх тодорхой чиглэлээр ажиллах хүлээлттэй байна.
-Метроны хөрөнгө, санхүүг хэрхэн босгох вэ гэсэн асуудал бий. Иргэд битгий хэл, УИХ-ын гишүүд ч метроны төсөв хэрхэн босож буйг мэдэхгүй байгаа гэж сөрөг хүчний гишүүд ярьж байсан. Санхүүд зөвлөх хүний хувьд ямар мэдээлэлтэй байна?
-Ер нь иймэрхүү том төслүүдийг төслийн санхүүжилт хэлбэрээр явуулах нь зүйтэй байдаг. Олон улсад ч ийм практик бий. Энэ удаа хамгийн түрүүнд яах ёстой вэ гэхээр бид өөрсдийн нөөц бололцоог бодитоор дүгнэх хэрэгтэй. Ингэхийн тулд олон улсын зөвлөх компани тендерт шалгараад, ажил нь эхлэх ёстой. Эхэлсний дараа тухайн компанитайгаа хамтраад хөрөнгөө хэрхэн босгох вэ, төсөвт ямар дарамт авах вэ гээд нэлээн нарийн тооцож байж хөдөлнө л дөө. Аливаа томоохон төслийг хөдөлгөхдөө санхүүгийн зөв механизмаа гаргасан байхад боломжгүй зүйл гэж үгүй.
-Өр төлүүлэх нь банкны захирлын хувьд дараагийн шат руу гарахад зохимжгүй-
-Таны хувьд Хөгжлийн банкыг амаргүй нөхцөлд байхад нь удирдаж байсан. Захирлын ажлаа яагаад өгчихсөн юм бэ?
-Хөгжлийн банканд хоёр жил ажилласан. Олон ч асуудал шийдэгдлээ. Үүний дараа Хөгжлийн банк өөрөө дараагийн үе шат руу орох ёстой л доо. Миний хувьд ажлаа хүлээлгэн өгсөн гол шалтгаан бол зээл өр төлүүлэх нь банкны захирлын хувьд дараагийн шат руу гарахад зохимжгүй гэх дүгнэлтийг өөртөө хийсэн. Тэр үүднээс ажлаа өгч, дараагийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтаа хийгээд хэвийн үйл ажиллагаандаа орох ёстой гэх байр суурьтай байсан юм.
Өнгөрсөн 2-3 жилд энэ банк маань Crises management маягийн зүйл хийж явсан л даа.
-Саяхан Хөгжлийн банкны гэх хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж, 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гарсан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Банк удирдаж байсан хүний хувьд болон банкны зүгээс иймэрхүү эрүүгийн хэрэгт байр суурь илэрхийлэх боломжгүй л дээ. Би ямар байдлаар ажиллаж байсан бэ гэхээр цэвэр мэргэжлийн байдлаар банкыг эрсдэлээс гаргах зорилгоор ажиллаж байсан. Тэр зорилгодоо ч хүрсэн. 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн асуудал бол цэвэр авлигын шинж чанартай гэмт хэргийг шүүх тогтоосон явдал юм. Би үүнийг зөв эсвэл буруу гэж ярих нь зохимжгүй.
-Үүнээс хойш та ШӨХТГ-ын даргаар богино хугацаанд ажилласан. Энэ хугацаанд юу хийв. Зарим хүмүүс таныг залуу боловсон хүчин боловч ажлаа ойр ойрхон сольж буй нь хэр зохистой гэх байдлаар харж байна лээ. Та үүнийг хэрхэн харж байна?
-ШӨХТГ бол Засгийн газрын агентлаг байдлаар ажилладаг байгууллага. Энэ нь зах зээлд өрсөлдөөн шударгаар явагдаж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Миний хувьд нэг сар хагасын хугацаанд энэ байгууллагад ажилласан. Дээрх хугацаанд гол дөрвөн асуудалд төвлөрч ажилласан байдаг. Хамгийн түрүүнд мах болон гурилын үнийн “гинжин хэлхээ”-ний асуудалд бүтэн шалгалт хийгээд, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Гуравдугаарт, ипотекийн зээлтэй холбоотойгоор шүүхэд очсон маргаанд анхаарал тавьж, шүүх хуралд нь оролцоод ямар ч байсан нэг талд нь шийдүүлсэн асуудал бий. Түүнчлэн, эмийн асуудлуудад шалгалт хийгээд, нэг ААН-ийг давамгай байдалтайг тогтоох шийдвэр гаргуулсан.
ШӨХТГ-ыг институцын байдлаар нь авч үзвэл, намайг ажлаа авахад нийт 34 хэрэг шүүхэд очсон байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь тухайн агентлаг шалгалт хийгээд торгууль ч юм уу ямар нэг шийдвэр гаргахад, түүнийг нь шүүхэд өгөөд 2-3 жил үргэлжилдэг байдалтай.
Тэгэхээр миний хувьд "Энэ агентлагийн эрх үүрэг, хүчин чадлыг нь маш тодорхой болгохгүй бол торгууль, акт тавьсан ч тэр нь шүүхэд 2-3 жил гацдаг. Гаргаж буй шийдвэр, торгууль нь эдийн засгийн үр нөлөөтэй байх ёстой. Тэгэхээр ямар ч үр дүнгүй агентлагийн хэлбэрээр өнөөг хүртэл ажиллаж ирсэн юм байна даа" гэж хувийн дүгнэлтээ хийсэн.
Үүнийгээ ч Засгийн газрын удирдлагуудад илэрхийлсэн. Одоо хуулийн өөрчлөлт нь явагдах гэж байна. Үүнийг түргэн шуурхай шийдвэрлээд, дээрх асуудлыг шийдвэрлэх ёстой болов уу гэх бодолтой байна.
-Ямар нэг улстөрийн болон томчуудын дарамт шахалт байгаагүй юу?
-Үгүй. Аливаа ажлыг аваад үр дүнтэй хийх ёстой. Ямар нэг газрын дарга байх эсэх нь надад чухал биш л дээ. Миний бодсон нэг зүйл бол эдийн засагт ялангуяа, тусгай зөвшөөрөлтэй секторуудад монополь шинж чанартай үйл явцууд байгааг цэгцлэх шаардлагатай гэх үүднээс тэр ажилд очсон байдаг.
Гэтэл тэр агентлагийн эрх зүйн чадамж нь ч тодорхойгүй, аливаа шийдвэр гарахад үр дүнгүй юм байна лээ.
-20 хүнтэй байгууллага гурилын салбарт шалгалт хийж, “гинжин хэлхээ”-ний тооцоо гаргахад хүндрэлтэй-
-ШӨХТГ-ын даргын албан тушаалын насжилт нь маш бага байгаа. Жишээлбэл, өөрөөс тань хойш гурван ч дарга солигджээ. Энэ тогтворгүй үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хувь хүний зүгээс ямар нэг таамаг дэвшүүлмээргүй байна л даа. Ер нь л төсөв хөрөнгө багатай. Миний бодлоор монополын эсрэг бодлогыг Засгийн газрын түвшинд өргөнөөр авч үзээд, агентлагийн хүрээнд байцаагчийн эрх үүрэгтэй биш, бодлогын түвшинд анхаарах ёстой гэх бодол төрсөн. Жишээлбэл, 20 хүнтэй байгууллага гурилын салбарт шалгалт хийж, бүтэн “гинжин хэлхээ”-ний тооцоог гаргаж ирнэ гэдэг нь хүндрэлтэй юм л даа. Тэр зовлонг биеэр амссан хүний хувьд юу болоод байгааг нь ойлгож л байна.
-Сүүлийн үед яалт ч үгүй гурилын үнийн асуудал нийгэмд идэвхтэй яригдаж байна. Гурилын үнэ эрчимтэй өсөж байхад ШӨХТГ хаана, юу хийж байв гэх шүүмжлэл ч бий. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна?
-Намайг ажиллаж байх үед ШӨХТГ-аас шалгалт оруулаад, томоохон гурилын үйлдвэрүүдийн санхүү тооцоо болон төрөөс үзүүлсэн дэмжлэгийг харьцуулсан судалгаа хийсэн. Бид энэ асуудлыг өргөн хүрээгээр нь ойлгох ёстой юм билээ. Нэг талдаа эрэлтийн асуудал байна. Гэтэл энэ нь иргэдийн ялангуяа, хөдөөгийн иргэдийн гол хэрэглээ нь болчхоод байна шүү дээ. Харин нөгөө талдаа нийлүүлэлт асуудал бий. Гэвч манай байгаль, цаг уурын орчин нөхцлөөс шалтгаалаад, зарим төрлийн улаанбуудайгаа импортолж авдаг. Үүнийг зохицуулах шаардлага үүсэж буй. Бидний амьдралын онцлогоос шалтгаалаад гурилын үнэд савлагаа үүсдэг. Махны үнэд ч адилхан.
Эдгээрт төрөөс сүүлийн хэдэн жилд оролцож, дэмжлэг үзүүлээд, үнийн савлагааг нийлүүлэлтийн талаас нь л барих асуудал бий. Ингэж байж, иргэдийн худалдан авах чадварт гэнэтийн цохилт ирэхгүй байх юм.
Ингэхийн тулд 2021 оноос хойш гурван жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байдаг юм билээ. Гэтэл гурилын үнэ 2023 онд гэхэд 15 хувь, 2022 онд 50 гаруй хувиар өссөн байдаг. Өөрөөр хэлбэл, төрөөс хийж буй ажил нь үр дүнгүй болчихоод байна гэсэн үг. Миний бодлоор аливаа нэг гурил үйлдвэрлэгчийг барьж аваад цоллохоос илүү эдийн засгийн суурь механизм нь ямар байна вэ гэдгийг ул суурьтай харах ёстой. Энэ хүрээнд ч Засгийн газраас хуулийн төслийг УИХ руу оруулсан гэж ойлгож байгаа.
-Гурилыг импортын татвараас чөлөөллөө гэж бодоход санхүү, эдийн засагт ямар үр нөлөө авч ирнэ гэж та харж байгаа вэ?
-Гурилын өртгийг авч үзвэл, 4/3 нь түүхий эдээс шалтгаалдаг юм билээ. Гэтэл улаанбуудайн үнэ өсөөгүй байхад, гурилын үнэ өсөөд байна гэдэг нь зохиомол үнийн хөөрөгдөл яваад байна уу гэх дүгнэлтийг гаргаад би Засгийн газарт хүргүүлж байсан юм. Гэвч Засгийн газраас гурилынхаа үнийг бариарай гээд 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байдаг. Үнэ барих гэдэг нь улирлын чанартай савлагааг давах зорилготой шүү дээ.
Яагаад гурил, махны үнийн асуудлыг яриад байна вэ гэхээр иргэдийн өргөн хэрэглээний бараа учраас эдийн засагт савлагаа үүсгэх нь зохимжгүй юм.
Тэгэхээр импортын татварыг чөлөөлж буй нь тодорхой хугацаатай байх ёстой. Гэхдээ нөгөө талдаа ААН-үүдийн дэмжлэг, хамтран ажиллах схемээ тодорхой болгох ёстой гэсэн дүгнэлтийг хийхээр байна.
-Төгсгөлд нь асуухад, нийслэлийн цаашдын төсөв, санхүүгийн байдлыг хэрхэн харж байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад ямархуу өөрчлөлтүүд гарсан бол?
-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдаад, өөрийн бие даасан санхүүгийн нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирсан. Гэхдээ энэ нь улсын болон нийслэлийн төсөв хоорондын харилцааны асуудлыг гаргаж ирж байгаа юм. Дараа нь нийслэл өөрөө гаднаас бие дааж хөрөнгө босгох чадамжтай болж байна гэсэн үг. Би дээрх асуудлуудыг шийдэх хөрөнгө санхүүг нь босгох ажилд төвлөрч ажиллаж байгаа. Нөгөө талдаа анхаарах нэг зүйл нь төсвийн зарцуулалтдаа маш болгоомжтой, нягт хандах ёстой. Үүний тулд санхүүгийн хариуцлага, удирдлагын тогтолцоо нь зөв байх хэрэгтэй. Үүнд миний зүгээс анхаарал тавьж ажиллана гэсэн бодолтой байна.
-Ярилцсанд баярлалаа.