УИХ дахь Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторид ажиллав. Энэ үеэр Эмийн хяналтын лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сонинхүү Лабораторийн хэмжээнд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг танилцуулсан. Тэрбээр,
"Лаборатори нь өөрийн гэсэн байргүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн байранд байрладаг. 1000 мкв-аас дээш, 20 гаруй өрөө тасалгаатай байгууламжид үйл ажиллагаа явуулах шаардлагатай ч нийтдээ 562 мкв 17 өрөөнд байрлаж байна. 128 багаж, тоног төхөөрөмж бүртгэлтэйгээс 78 нь ажилладаг. Ихэнх өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмж эвдэрч, акталсан.
Өдөр тутамд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, хяналт шалгалтын, байцаагчийн, өөрчлөлт, сунгалтын, хууль хяналтын байгууллагын гомдлын дээж гэсэн дээжүүдэд шинжилгээ хийдэг. 2023 онд 2535 дээжийг 27212 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулсан. 2535 дээжээс 157 дээж чанарын шаардлага хангаагүй гарсан. Шаардлага хангаагүй дээжийг буцааж тухайн байгууллага, мэргэжилтэнд илгээдэг.
2023 оны байдлаар 308 сая төгрөг эм, урвалжийн зардалд төсөвлөгдөж байсан бол 2024 онд 245 сая төгрөг болж буурсан. Гэтэл шинжлэх дээжийн тоо 700-800-аар нэмэгдсэн.
Нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг 5.5 тэрбум төгрөгөөр авч өгөөч гэсэн хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сараас хойш салбарын яамандаа тавьсан. Өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжгүйгээс сүүлийн үед эмчилгээнд нэвтэрч буй тусгай нөхцөлд хадгалах зориулалттай биологийн идэвхэт нэгдлүүдтэй эмүүдийн чанарыг 100 хувь шинжилж чадахгүй байна.
Хүний нөөцийн хувьд ч бүрэн хүчин чадлаараа ажиллахад нарийн мэргэжлийн 45 хүртэл албан хаагч шаардлагатай. Өнөөдөр 23 алба хаагчийн орон тоотой ажилладаг. Албан хаагчдын дундаж цалин сая орчим төгрөг" хэмээн танилцууллаа.