Луу жилийн босгон дээр сүүлийн 49 жилийн хугацаанд үзэгдээгүй их хэмжээний цас орж, нийт нутгаар өвөлжилт хүндэрч, малчид төдийгүй нийт ард иргэд хүндхэн асуудлуудтай нүүр тулав. Улмаар хэдхэн хоног үргэлжлэн орсон энэ их цаснаас үүдэж, зудын нөхцөл ч бий болж, улсын хэмжээнд 2,1 сая толгой мал хорогджээ.
Түүнээс гадна "Зуд болохоор нохой зоолно" гэгчээр энэ хэцүү цаг үед мал, амьтны өвс, тэжээл үнэд орж бүр үүнийг далимдуулан "Өвс, тэжээл хямд худалдах нэрийдлээр цахим залилан" газар авч эхэлжээ.
Хэдий УОК төдийгүй, аймаг сумдаар малчдад туслах хандивын аяныг эхлүүлж, өвс, тэжээлийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж буй ч энэ нь хэсэг хугацааны тусламж тул цаашид хэрхэх вэ гэж арга ядсан малчид цахим орчныг ашиглан өвс, тэжээл худалдан авахаа илэрхийлж ийнхүү залилангийн хохирогчид болж байгаа тул энэ талаар сэрэмжлүүлэх үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.
Монголчуудын нийтлэг хэрэглэдэг Фэйсбүүк цахим платформд хэд хэдэн өвс, тэжээл худалдан авах, борлуулах зорилго бүхий группүүд үүсжээ. Тэдгээр групп рүү зочлох төдийд өвс, тэжээл хайж сурагласан бас их хэмжээгээр болон бага хэмжээгээр худалдан борлуулна хэмээн гар утасны дугаараа бичсэн нийтлэлүүд байгаа юм. Магадгүй иргэдийн дунд гар утасны дугаар байхад яагаад залилан байж болно гэж гэх асуулт гарч байж болох. Гэвч бид энэ хэцүү цаг үед сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Тэгвэл иргэд энэ төрлийн залилангийн хохирогч болохгүйн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ,
- Гар утасны дугаараа бичсэн гээд залилахгүй гэсэн үг биш тул сэрэмжтэй байх,
- Хэрэв цахимаар өвс, тэжээл худалдан авах гэж байгаа бол урьдчилгаа хийхгүй байх,
- Өвс, тэжээл гарт тань ирсний дараа төлбөрөө төлөх,
- Цахимаар өвс, тэжээл авсан тохиолдолд нэмэлт холбогдох дугаар болон дансны хуулгыг авч үлдэх мөн тухайн борлуулагчийн үндсэн фэйсбүүк хаяг уу хуурамч хаяг уу гэдгийг тогтоох,
- Сонор сэрэмжээ цаг ямагт алдахгүй байх нь хамгийн чухал юм.
Тэгвэл энэ төрлийн залилангийн хохирогч иргэд цахим хаягаараа дамжуулан сэрэмжлүүлэг мэдээллийг өгч буй. Мөн анхааруулга болгох үүднээс саяхан өвс, тэжээл худалдан авах гэж байгаад хохирогч болсон иргэний эгч О.Ууганжаргалтай холбогдон тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр,
Залилагч дүүд маань "Та авахгүй бол өөр хүн авах гээд байна. Тээврийн зардал 5 сая төгрөг шилжүүл" гэсэн байсан
"Энэ өвөл зуд турхантай хэцүү байгаа шүү дээ. Тэр дундаа зүүн аймгуудаар бүр илүү хүнд байна. Тиймээс дүү маань малдаа өвс, тэжээл авах гээд 1 сараас эхлээд хайж эхэлсэн юм байна лээ. Би ч хотоос эрж, хайгаад дүү маань ч давхар өвс хайж байсан. Гэтэл фэйсбүүк дээр Морьтон Монгол гэсэн нэрээр өвс, тэжээл зарах зар тавьчихсан байсан гэсэн. Тэгээд тэр хүний 2 дугаар руу холбогдоод хэд хоног утсаар яриад, өвс тэжээлийнхээ зураг хөргийг хүртэл явуулсан гэсэн.
Манай дүү Хэнтий аймагт байдаг. Гэтэл тухайн Халх голд байна, та авахгүй бол өөр хүн авах гээд байна. Авна гэвэл би өнөө орой гарах гэж байгаа юм. Хэрэв авна гэвэл зардлын 5 сая төгрөгөө шилжүүл гэсэн юм билээ.
Тэгээд 5 сая төгрөг шилжүүлчихсэн байсан. Гэтэл 3, 4 хоногийн дараа нөгөө хүний утасны дугаарууд холбогдохоо болиод таг болчихсон гэсэн. Тухайн үед нь нөгөө хүнээ замдаа гарчихсан юм байх, сүлжээгүй газар явж байгаа байх гэж бодоод 2, 3 хоног хүлээсэн юм байна лээ. Тэгээд дүү маань над руу холбогдоод ийм юм болсон гээд ярихаар нь надаас асуухгүй, хэлж шалгуулахгүй яагаад хуурамч хаягтай хүн рүү мөнгө шилжүүлж байгаа юм бэ гээд Цагдаад мэдэгдсэн.
Гэтэл тухайн хүн залилагч байж таарсан. 3-4 газар эрэн сурвалжлагдаж байгаа бас дээр нь хэд хэдэн аймгийн малчдыг залилсан 2-7 сая төгрөгийн хохирол учруулсан юм билээ. Тиймээс би иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс тухайн хүнийх нь фэйсбүүк хаягийг олоод пост бичсэн. Гэтэл пост бичсэний дараа над руу Завхнаас, Дундговиос, Хэнтийгээс маш олон хүн холбогдсон. Бүгд хохирогч болсон байна лээ. Яг ийм хэцүү цаг үед бүгд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй" хэмээв.
Тэгвэл уг залилантай холбоотойгоор ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван дараах мэдээллийг өгсөн бөгөөд тэрбээр,
Өвс, тэжээл худалдах нэрээр залилан үйлдэж буй этгээд бусдын нэр дээрх банкны дансыг ашиглаж байна
"Сүүлийн үед цахимаар өвс, тэжээл худалдан авахтай холбоотой залилан их гарах болсон. Одоогийн байдлаар хохирлын мөнгөн дүн маш өндөр байгаа. Тэгэхээр үүнд иргэд өөрсдөө маш сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй. Хэрэв цахимаар холбогдсон бол өвс, тэжээл авахдаа тухайн хүнтэй нүүр тулж уулзах, зарах гэж байгаа бараа бүтээгдэхүүн нь байна уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Угтаа цахим орчин нь баталгаат эх сурвалж биш шүү дээ. Тиймээс иргэд энэ төрлийн залилангийн хохирогч болоод байгаа юм.
Түүнээс гадна залилагчид ямар аргаар энэ төрлийн залиланг үйлдэж байна вэ гэхээр, бусдын нэр дээрх банкны дансыг ашиглан залилан үйлдэж байна. Тухайн залилагчийн өөрийнх нь үндсэн данс биш учир илрүүлэхэд хүндрэлтэй болдог.
Тиймээс үүнийг таслан зогсоох зорилгоор бид Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг 24 цагийн хугацаанд ажиллуулж байна" гэв.
Мөн үргэлжлүүлэн,
Хэрэв залилангийн хохирогч болсноо мэдвэл цаг алдалгүй 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөөрэй
"Магадгүй тухайн иргэн залилуулсан гэдгээ мэдэх юм бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт холбогдож, гэмт этгээдийн мөнгө авсан дансыг маш хурдан царцаалгах хэрэгтэй. Үүний дараа мөрдөн шалгалтын явцад хохирлоо барагдуулах боломжтой юм" хэмээв.
Түүнээс гадна өвс тэжээлийн цахим залилантай зэрэгцээд үнэ нь нэмэгджээ. Намар нэг боодол өвсийг 13-16 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол одоо 20-25 мянган төгрөг болтлоо нэмэгдсэн байна.
Бид өвс худалдан борлуулж буй иргэдтэй холбогдоход,
Өвс тэжээлийн үнэ өнгөрсөн намартай харьцуулахад хэд дахин нэмэгджээ
Нарийн ногоон өвс зарна гэсэн иргэн, "Нарийн ногоон өвс зарж байгаа. Жижиг боодолтой нь 20 мянган төгрөг, том боодолтой нь 450 мянган төгрөгөөр зарагдаж байна. Жижиг боодол нь 20 килограммтай" гэв.
Харин ногоон тэжээл зарж буй иргэн, "Ногоон тэжээл 23 мянган төгрөгөөр худалдаална" хэмээн утсаа тасалсан бол өөр нэгэн иргэн, "1000 боодол ногоон тэжээл байсан. Одоо зарагдаад дуусаж байна. 25 мянган төгрөгөөр худалдаалсан" гэлээ. Мөн бид дээрх иргэдийг жинхэнэ худалдаачин уу эсхүл залилагчид уу гэдгийг мэдэх боломжгүй юм.
Ташрамд дуулгахад зудыг дагаад үнэ нэмэгдэж буй зүйл бол дан ганц өвс тэжээл биш. Мөн махны үнэ ч дагаад нэмэгджээ. Хэдий цаг үе хэцүү байгаа ч махны үнэ өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад, орон нутагт үхрийн мах 1,6 хувь, нийслэлд 0,9-3,7 хувиар тус тус нэмэгдсэн байгаа талаар ҮСХ-оос мэдээлсэн юм.
Цаг үе хэцүү байгаа ч үүнийг далимдуулан ашиг хонжоо олох сэдэлтэй хүн бишгүй байна. Үүний тод жишээ бол яах аргагүй одоогийн нөхцөлд малчдад нэн хэрэгтэй байгаа өвс тэжээлээр далимдуулж, малчдын зовлон дээр дахин зовлон нэмж буй залилагчид. Мөн өвс, тэжээл худалдан борлуулж буй иргэд болон махны ченжүүд байгаа юм.
Иймд малчид та бүхэн дор бүрнээ сонор сэрэмжтэй байж хямд төсөр өртгөөр малын тэжээл, өвс хүргэж өгнө гэсэн хуурамч зар мэдээлэлд итгэхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна.