Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцов. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцууллаа. Тэрбээр "Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал,
Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн. Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн.
Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа" гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. 30 жил шийдээгүй асуудлыг энэ Засгийн газар гурван жилд шийдэж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ зудтай байгаа энэ үед малчдадаа туслах Засгийн газрын санаачилгыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ.
Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.