Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, бүтээмжид суурилсан цалингийн тогтолцоог бүрдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Мөн тэтгэвэр 2016 онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн. Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалыг судалгааны байгууллагатай хамтран хийсэн. Энэхүү судалгаагаар манай улсад хүн амзүйн шалтгаантай ажиллах хүчний хомсдол үүссэн. Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн дутмаг, бүтээмж бага байна гэдэг нь харагдсан. Тиймээс эдгээр асуудалд цаашид анхаарч, хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байна” гэлээ.