Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын их эмч Ч.Галбаатар: Малчдадаа утсаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Миний заавраар буураа эмчилж, эдгээсэн хүн баярласан сэтгэлээ илэрхийлж, хээлтэй ингэ бэлэглэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 22 секунд

Монгол орны нийт нутгаар цас их хэмжээгээр орсны улмаас шилэн зуд шилэн нүүрлэж, малчдын хот эхнээсээ “харлаж” эхлэв. Хорогдсон малын тоо 1.5 саяд хүрч, өдөр ирэх тусам малчдын нөхцөл байдал дордсоор байна.

Үүнтэй холбоотойгоор зудад нэрвэгдсэн малчдадаа туслах зорилго өвөртөлж, өөрийн цахим хуудастаа “Цас зудад байгаа малчдадаа мал эмчлэх, тэнхрүүлэх зөвлөгөөг утсаар үнэ төлбөргүй өгнө” хэмээн зар оруулсан нэгэн эрхмийг UBN сайт онцолж байна.

Бидний зочин Ч.Галбаатар малын их эмч мэргэжилтэй. Хотын мал эмнэлгийн орлогч дарга, СХД-ийн Мал эмнэлгийн эрхлэгч, үржлийн албаны даргаар ажиллаж байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байна.

Орон нутгийн замууд цасанд боогдож, малын эмчээс зөвлөгөө, тусламж авах боломжгүй болсон малчид осгосон, хөлдсөн мал сүргээ яаж эмчлэх арга учраа олохгүй алдах тохиолдол их байна. Тиймээс мэддэг чаддаг зүйлээрээ малчдадаа бага ч болов дэм болж, нэг ч гэсэн малыг эрсдэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор тухайн зарыг нийтэлжээ.

“Өдөрт 5-6 хүн залгаж зөвлөгөө авч байгаа. Зарим нь “эмчлээд эдгээчихлээ баярлалаа” гээд эргээд залгадаг юм хэмээн ярих эл эрхэм хүмүүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Ч.Галбаатар гэдэг. Ховд аймгийн Мөст суманд төрж, өссөн. Малчин айлын хүүхэд. Малын их эмч мэргэжилтэй.

-Малчдад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа юм байна лээ. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Зуд, зурханд ойрхон байгаа малчид, мал эмнэлгийн тогтолцоо хоёр нэгэндээ хүрч үйлчилж чадахгүй хүнд нөхцөл байдалд байгааг хараад малын эмч хүнийхээ хувьд зүгээр суухыг хүссэнгүй. Юу байна түүгээрээ гэдэг шиг мэддэг чаддаг зүйлээрээ бага ч болов тус, дэм болохыг хүссэн учраас утасны дугаараа бичээд зар оруулсан.

-Малчид их залгаж байна уу. Ихэвчлэн ямар төрлийн зөвлөгөө авч байна?

-Зар тавьснаас хойш олон тооны малчин өрх холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан. Өдөрт хамгийн багадаа 5-6 хүн залгаж, зудад өртөн өвдөж дордсон, осгож хөлдсөн малыг яаж, эмчилж эдгээх талаар зөвлөгөө мэдээллийг авч байна. Зарим хүмүүс нь хэд хоногийн дараа эргэж залгаад “Эмчлээд эдгээчихсэн шүү” маш их баярлалаа гэж хэлдэг. Тухайлбал, Говь-Алтай аймгаас н.Чунаг гээд өвгөн холбогдож, “Буурны чив хөлдөөд гарчихсан байна. Яаж оруулах вэ. Ямар арга хэмжээ авах вэ” гэж асуусан. Би зөвлөгөө өгснөөс долоо хоногийн дараа надтай эргэж холбогдоод “Чиний хэлснээр эмчлээд буурныхаа амийг аварлаа. Миний хүү аль нутгийн хүн бэ” гэж байна. Ховдын Мөст сум гэсэн чинь “Говь-Алтай аймгийн Тонхил сум яг замд чинь байдаг манайхаар ирээрэй. Чамд нэг хээлтэй ингэ бэлэглэж байна шүү. Би улсын аварга тэмээчин хүн” гэж байгаа юм. Буур говьд тийм л үнэ цэнтэй байх нь.

-Та очиж авах уу?

-Малыг ачаад идээшиж, дасаагүй газар авч очно гэдэг мал зовоож байгаагийн нэг илрэл. Тэр ч утгаараа дээр үеийн малчид хүний өгсөн бэлгийг хадаг уяад нутагт нь дассан ижил дотор нь байлгадаг байсан. Тэгэхээр би энэ зун Тонхил орж, торомтой ингэндээ хадаг уях юм байна л гэж бодогдож байна.

-Яах учраа мэдэхгүй арга мухардсан залуу малчид олон байгаа байх. Тань руу хэр их залгаж байна?

-Залуу малчид ярьж байгаа. “Мал тэжээл идэхгүй зогсож байгаад үхээд байна. Яах ёстой вэ” гэж их асууж байна. Товчхондоо бол малаа тэжээх ухаанаа олоогүй байна. Тэжээл идэхгүй байна гэдэг нь шөнө хэвтрээсээ даараад идэш, тэжээлээ боловсруулж чадахгүй байна гэсэн үг. Тэрийг мэдэхгүй арьсыг нь барьж үзээд халуун байна. Дулаан байна гээд яваад байгаа юм. Малынхаа хэвтрийг сайн дулаал, өдөр сайн явуул, цастай байсан ч хашаагаа тойруулаад элд, хөө, бүлээн сахартай хар цай сайн өг. Болохгүй бол дотор нь халбага перец хийгээд өгчих гэх мэтчилэн тухайн нөхцөл байдалд нь тохирсон зөвлөгөөнүүдийг өгөөд л сууж байна даа.

-Мал осгож, хөлдөх тохиолдол их байгаа гэж байсан. Осгосон малыг хэрхэн, яаж тэнхрүүлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Ямар мал осгодог юм бэ гэхээр их туранхай мал осгодог юм биш. Тарганаасаа осгодог юм. Хүйтэнд дотор өөхтэй малын өөх хурдан царцдаг. Хэвтэр нь хүйтэн, нойтон байхаар шөнө нь чийг даагаад мал хэвтэж байхдаа дотор талаасаа осгочихдог. Бид нар хоол идчихээд хүйтэн ус уучихаар цанхайгаад хордлогод ордог шиг. Мал хэвтэж байхдаа осголтын цанхайлтад орчихдог. Ингэсэн мал тэжээл идэх чадахаа больчихдог. Хөл нь осгоод хөлдчихсөн тохиолдолд хүйтэн усанд дэвтээгээд жамц давстай бүлээн хар цайгаар бооно. Дараа нь шар усыг нь ханаад хөөтэй тосоор боож, баринтаглаж эмчилнэ. Осгож, харангадсан мал хамгийн түрүүнд сахрын дутагдал болдог. Тиймээс сахартай өтгөн хар цай сайн өгөх хэрэгтэй. Мал өлдөж үхэж байна гэдэг нь хамгийн сүүлд нь тархиныхаа сахар бараад л үхдэг юм шүү дээ.

-Малчдадаа хандаж юуг хэлмээр байна?

-Малын эмчтэйгээ холбогдож чадахгүй. Яаралтай үед яах учраа олохгүй байгаа хүмүүс байвал 95206078 дугаараар надтай холбогдоод асуугаарай гэдгийг юун түрүүнд онцолж хэлмээр байна. Олон удаагийн зудыг даваад гарсан өвөг дээдсийн минь удам, ген байна. Тэмцээд ард нь гарч зулзаган, ногоо яргуй дэлгэрэхийг харах гэж хичээнэ дээ хэдүүлээ. Та нар минь сэтгэлийн тэнхээтэй хүчтэй байгаарай гэж хэлье даа.

-Ярилцсанд баярлалаа.

М.Тулгат: Метроны бүтээн байгуулалтад төсөвлөсөн мөнгөө хэрхэн зарцуулахыг Хотын удирдлагуудаас асууна. Сүр бадруулсан “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үлгэр болох вий
М.Тулгат: Метроны бүтээн байгуулалтад төсөвлөсөн мөнгөө хэрхэн зарцуулахыг Хотын удирдлагуудаас асууна. Сүр бадруулсан “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үлгэр болох вий
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.