Цагдаагийн байгууллагаас 2024 он гарснаас хойш Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн хоёр гэмт хэрэг буюу махчин динозаврын толгойн яс болон өвсөн тэжээлт динозаврын бүтэн ясыг хууль бусаар олж авч, өндөр үнээр зарж борлуулахыг завдсан хэргүүдийг илрүүлээд байна. Тодруулбал,
“Э” нарын долоон иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж, одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын 84 см х 112 см хэмжээтэй толгойн ясыг хууль бусаар олж авч, өнгөрсөн сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан,
Мөн “Э” нарын гурван иргэн нэгдүгээр сарын 19-ний өдөр 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн ясыг бусдад өндөр үнээр худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тус тус илрүүлэн хууль бусаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2023 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдэж байсан бөгөөд хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн таван гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс динозаврын эд яс, эд зүйл хоёр шалгагдаж байсан. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн 25.4 дүгээр зүйлд зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих, санхүүжүүлсэн бол 1-5 жил хорих ял оноох аж.