Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханы замын тендер шалгаруулалтыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 31 секунд

Сүр дуулиан сүү хадагтай нээлтээ хийсэн Дарханы зам “нохойн зам” болоод хоёр дахь жилээ үдэж байна. Уг нь сайд асан Б.Энх-Амгалангийн хэлснээр бол жилийн өмнө ажил нь дуусч та бид шинэ замаар сөнгөнөж байх учиртай.

Гэтэл өнөөдрийг хүртэл ажлын явц нь ердөө 30 орчим хувьтай байна. Улаанбаатар, Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ цаашаа ОХУ-тай холбодог уг замаар өдөрт 3000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Харин одоо өдөр бүр 3000 орчим тээврийн хэрэгсэл “эвдэрч” байна. Дугуй нь буудсан, цонх нь хагарсан, толь нь мултарсан, обудаа алдсан гээд дарханы замд өргөл барьцгүй явдаг жолооч бараг л алга. Эд материал юу юм гэхэд эрдэнэт хүний амь эрсдэж өнгөрсөн жил гэхэд 14 хүн бурханы оронд заларч, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн харамсалтай мэдээ байна.  

Бантангийн эзэн Б.Энх-Амгаланг МАН-ынхан “Дарханы замаас л аль болох холхон дэвшүүлэх хэрэгтэй” гэж үзээд алс хязгаарын Говь-Алтайруу явуулсан ч гэлцдэг. Олон нийтэд хүрсэн нийтлэг ойлголтоор бол “Азийн хөгжлийн банкны \АХБ\ хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа учраас цаад талаасаа сонгосон, БНХАУ-ын тал өөрсдөө компаниудаа оруулж байгаа, толгой компани нь заавал Хятад компани байх ёстой, замын ажил удааширч байгаа тул ЗТХЯ-наас АХБ-д гэрээ цуцлах саналаа явуулсан, ер нь л Монголын талаас шахаад яаж ч чадахгүй байгаа” гэсээр өдийг хүрсэн. Гэтэл БНХАУ-аас манай оронд суугаа элчин сайд пал хийтэл огт өөр зүйл ярьснаар уг асуудал дахин өндрөө авлаа. Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням уг замын асуудлаар БНХАУ-ын элчин сайдтай уулзсан бөгөөд энэ тухай өөрийн твиттер хуудсаараа

 “Дарханы замын 2,4-р багцыг аваад огт ажил хийхгүй шалтаг тоочиж байгаа БНХАУ-н компаний талаар тус улсын элчин сайдаас тодруулахад "Танай тал энэ шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ байгуулагдаад нэг ч ажил хийгээгүй, туршлага, хүн хүч, техникийн боломж муу компанид яагаад энэ ажлыг хариуцуулах шийд гаргасан нь сонин байгаа. Манай улсын зүгээс тус компанийн эздийг олж ажлаа шуурхай явуулахыг анхааруулсан байгаа. Ажлыг дуустал бүх ерөнхий гүйцэтгэгч компаниудад хариуцлагатай ажлаа дуусгах тал дээр анхаарч ажиллана” гэж жиргэв. Мөн АХБ-ны зүгээс сонгон шалгаруулалтанд ямар ч оролцоо байгаагүй гэдгээ илэрхийлсэн байна.

Ийнхүү Дарханы замын сонгон шалгаруулалтыг Монголчууд өөрсдөө хийсэн, муу хэлээд байгаа Хятад компаниа манай дарга нар өөрсдөө олж ирсэн нь илчлэгдэж улс төрийн хүрээнд нэлээд шуугиан болж цаашлаад уг асуудлаар хууль хүчний байгууллагууд ч хөдөлж эхэлсэн байна. 

Энэ замтай холбоотой хэд хэдэн сонирхол татахуйц асуултууд бий. Тухайлбал 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг замыг концессийн гэрээгээр барьж 2018 онд ашиглалтанд оруулахаар нээлтээ хийж байв. Удалгүй түүний Засгийн газар огцорч 2018 оны гуравдугаар сард У.Хүрэлсүхийн Засгийн газар уг концессийн гэрээг цуцалсан. Улмаар гадаадын хөнгөлттэй зээлээр уг замыг барих асуудлыг судалсаар АХБ, Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар 83.8 сая ам.доллараар уг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл өнөөдөр уг төслийн нийт өртөг 137 сая ам.доллар болон өссөн мэдээ байна. 
Ажлаа огт явуулахгүй байгаа “Чайна стейт шинжиан консракшн инженеринг” гэж чухам ямар учиртай компани вэ? ямар эрх ашгийн үүднээс огт түүхгүй, туршлаггүй компанид уг ажлыг өгөв? тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь ямар хүмүүс байв? Зэрэг олон асуулт хариултаа хүлээж байна. 

Тэгвэл уг замын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын хэсэг, тухайн үеийн ЗТХЯ-ны удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай албан бус эх сурвалжаас мэдээллэж байна. Улс орны хөгжил дэвшилд онц чухал үүрэгтэй стратегийн гэж хэлж болохуйц ийм том төсөлд амин хувийн ашиг сонирхлоор хандсан бол хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. Жижиг дундаас авсан зээлээ эргээд төлсөн А.Солтан мэтийн нөхдөд 3 жилийн ял оноочихоод олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр тоглосон улсууд элдэв тайлбар яриад яваа нь дэндүү утгагүй гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.  

Д.Анхбаяр: Хориг уулын булшийг авран хамгаалах ажилд зөвшөөрөл олгохгүй, хойшлуулж байх зуур булш тоногдсон байсан
Д.Анхбаяр: Хориг уулын булшийг авран хамгаалах ажилд зөвшөөрөл олгохгүй, хойшлуулж байх зуур булш тоногдсон байсан
 
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.