Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: 5.2 сая тонн нүүрсийг хяналтгүй гаргасан гэх жолооч нар хариулт өгч чадсангүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 51 секунд

Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд эхний өдрөө үргэлжилж байна. Нүүрс ачиж буулгах терминалын /НАБТ/ пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон “CAIS” систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн С зөвшөөрөл бүхий 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52.030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр Гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй дүн мэдээг танилцуулав. Мөн НАБТ-ын пүүний программд С зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрсийг тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байгааг шинжээч танилцуулав. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд болон гэрчүүд дараах асуулт хариултыг өрнүүлэв.

Түр хорооны дарга Б.Энхбаяр "Хилээр нүүрс гараад байна, хэдэн тонн нүүрс гарсан бэ гэдгийг нотлох баримтын хүрээнд олж тогтоосон. Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан шиг эх баримт буюу пүүний мэдээлэл байхгүй. 2016 оноос өмнөх мэдээлэл устсан. Байгаа мэдээлэлд үндэслэн хяналт шалгалт хийсэн гэсэн үг. Пүүний мэдээлэл, Гаалийн мэдээлэлд тулгуурлаж машиныг дугаараар нь он сар өдөр, компани, жингээр нь бүх мэдээллийг гаргасан байгаа. Ингээд нийтдээ 5.2 сая тонн нүүрс Гаалийн бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр гарсан байгааг тогтоожээ. Үндсэндээ тав орчим тэрбум ам.долларын нүүрсний асуудал яригдана. Хил гаалиар бүртгэлгүй гарсан гэж бүртгэгдсэн нүүрсийг компаниар нь мөн тухайн тээврийн хэрэгсэл, жолоочоор нь гаргасан. Нийтдээ 3000 орчим жолоочийн асуудлаас хамгийн олон удаа гаалийн бүртгэлгүйгээр нүүрс тээвэрлэж хил гарсан 20 жолоочийг дуудсан. Мөн хамгийн их гаалийн бүртгэлгүйгээр нүүрс тээвэрлэсэн 15 компаний удирдлагыг дуудсан байгаа" гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Ганболд “Жиасмон ложистик” ХХК-ийн 9149УМЭ дугаартай машины жолооч н.Эрхэмбаяр 133 удаа гаалийн бүрдүүлэлтгүйгээр 18344 тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр тээвэрлэсэн байна. Энэ мэдээлэлтэй та санал нийлж байна уу" гэж асуулаа.

“Жиасмон ложистик” ХХК-ийн жолооч н.Эрхэмбаяр "Би энэ компанид ороод нэг жил таван сар болж байна. Нүүрс тээвэрлэлтэд жолооч нар админ, тээврийн ахлах нарын үг зааврын дагуу хөдөлдөг. “Өнөөдөр НАБТ-ын хашаанаас нүүрс ачих хуваарьтай шүү” гэвэл очиж ачуулна. НАБТ-аас “Гаалийн бүрдүүлэлт болсон шүү” гэвэл тэндээс хөдөлдөг. Ийм л маршрутаар явдаг. Бүрдүүлэлттэй, бүрдүүлэлтгүй гэдэг асуудлыг тодорхой мэдэхгүй байна. Яв гэвэл явдаг, зогс гэвэл зогсдог. Гаалийн бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг мэдэхгүй" гэх хариултыг өгсөн юм.

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Эко Глобал ложистикс” ХХК хамгийн их буюу 4236 удаа нийтдээ 519.192 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаргасан байна. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ" гэхэд “Эко Глобал ложистикс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Халиунаа "Шинжээчийн дүгнэлттэй танилцаад, би ч бас анх удаагаа гаалийн бүрдүүлэлтгүй гарсан тоог харлаа. Тодорхой танилцсаны дараа эргээд хариу өгмөөр байна. Тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлтгүй гарах боломжгүй. Жолооч нар рэйс тутмаар цалин авдаг. Рэйс бүрийг нь компани дээр ч бүртгэж явдаг" гэлээ.

Мөн “Жиасмон ложистик” ХХК –ийн хувьцаа эзэмшигч Жао Ян "Манай компанийн хувьд 2600 гаруй машин гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэх мэдээллийг тусгасан байна. Энэ бол БНХАУ-ын Гаалийн зүгээс ямар ч боломжгүй. Хятадын гааль дээр бүгд бүртгэлтэй байгаа. Хэрэв тухайн машинууд Монголын гаалийн бүрдүүлэлтгүй Хятадын гааль руу орвол тухайн машиныг хүлээж авахгүй байх нөхцөл үүсдэг. Тиймээс энэ мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн манай компаний С зөвшөөрөл хязгаартай байдаг" гэлээ.

“Хамтын шийдэл-хамгаалагдсан ирээдүй“ хамтарсан багийн зөвлөгөөн зохион байгууллаа
“Хамтын шийдэл-хамгаалагдсан ирээдүй“ хамтарсан багийн зөвлөгөөн зохион байгууллаа
 
ЗГ: “Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна
ЗГ: “Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.