Хонхны дуу, төгсөх ангийн хавар, сүүлчийн хичээл. Бас шалгалттай завгүй өдрүүд. Оюутан, сурагчдын амралт эхлэх болоогүй ч хотод зуны урь оржээ. Зургаадугаар сар гараагүй ч цэцэгтэй даашинз, хөлд хөнгөн шаахай өмссөн охид, пудволкотой явуу хүүхдүүд энэ бүгдийг сануулна. Залуусын гэх тодотголтой манай улсад завгүй хотынхны амралт чөлөөт өнгөрүүлдэг тоотой хэдэн газрын нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн. Үүдээ нээгээд сар болоогүй ч амралтын өдрүүдэд олны хөл хөдөлгөөнд дарагджээ. Хэдий үүдээ нээгээд сар болоогүй ч хүүхдүүдээ "санасан". хүүхдийн парк олны хөл хөдөлгөөнд дарагдсан байлаа.
ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭЖ ӨГДӨГ ХҮҮХДИЙН ПАРК
Тоглоом бүрт тоглох гэсэн хүүхдүүдийнхээ хүсэлд аав ээж нь хөтлөгдөнө. Хүүхдүүдтэйгээ хамт морин тойруулга дээр тоглохоор дугаарлаж буй Н.Цэрэндолгор “Би төрсөн өдрөө тэмдэглэж явна. Морин тойруулга дээр тоглохоор хүүхэд насандаа очсон юм шиг санагддаг. Багадаа аав, ээжтэйгээ хүүхдийн парк орохдоо гинжит савлуур дээр л хамгийн их тоглох дуртай байсан. Одоо ч хэвээрээ. Дараа нь галзуу хулгана дээр сууж үзнэ” гэсэн юм.
Баантагтай хавчаар зүүж, цэцгэн хээтэй, дэрвэгэр даашинзтай 30 орчим настай тэрбээр "хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд" суусан мэт харагдана.
Ач, зээ нараа тоглохыг хараад сандал дээр суух эмээ, өвөө нар нь хуучлан суух. Гүнж шиг гоёсон охидоо хөтлөөд барбитай цүнхийг нь үүрээд алхах аав нар. Хэдий хавирга жиндүү хүйтэн ч яг л зуны нэгэн намуухан оройг санагдуулна. Цаг үргэлж хаашаа ч юм яарч сандардаг атал түгжрэлд түгжигдсэн нийслэлийнхэн амралтын өдөр гэр бүлдээ цаг гаргаж, хүүхэд залуус нэгэн оройг найзуудтайгаа хөгжилтэй цагийг өнгөрүүлж яваа нь энэ байлаа.
ГАЛЗУУ ХУЛГАНААС ӨӨР ШИНЭ ЭКСПТРЕМ ТОГЛООМ НЭМЭГДЖЭЭ
Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнд тохижилтын ажил үргэлжилж байлаа. Бас зарим шинэ тоглоомууд нэмэгджээ. Тухайлбал, дундаас дээш насныханд зориулсан экстрим тоглоом бас бага насны буюу 120 см-ээс бага өндөртэй хүүхдүүд тоглохоор тоглоом зэрэг нэмэгдсэн ч хараахан ажилллаж эхлээгүй байв.
Удахгүй болох хүүхдийн баяраас өмнө гурван тоглоом угсарч дуусах бөгөөд цаашид ашиглалтын хугацаа дууссан тоглоомыг шинэчлэхэд анхаарч байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 20 гаруй тоглоом ажилллаж байгаа бөгөөд паркийн үйл ажиллагаа эхлэхэд бүх тоглоомын солих шаардлагатай эд ангиудыг сольж шалгаж, тестэлж бас өглөө бүр үйл ажиллагаа эхлэхэд тоглоомыг шалгаж байгааг ч дурдаж байлаа. Учир нь хүүхдийн паркад аюулгүй байдал хамгийн чухал.
Хэдийгээр Үндэсний соёл амралтын хүрээлэн нээгдэж бас шинэ тоглоомууд нэмэгдэж байгаа ч одоогоор гинжит савлуур, нуурын завь зэрэг зарим тоглоомын засвар, тохижилтын ажил үргэлжилж байгаа. Одоогоор хамгийн эрэлттэй нь галзуу хулгана тренд хэвээрээ бол бага насны хүүхдүүд машин, морин тойруулга, таргет зэргээс өөр тоглох тоглоомын сонголт алга.
Эцэг эхчүүд ч мөн адил санал нэг байлаа. Тэд хүүхдүүд нь хүссэн тоглоом дээр тоглож чадахгүй байгаад сэтгэл дундуур байгааг илэрхийлж байсан юм. Тэдний төлөөлөл иргэн Н.Бүжинлхам "Нийслэлд хүүхдүүдийг тоглуулах газар хомсдолтой. Ихэвчлэн гэрийнхээ гадаа л тоглоомын талбайд тоглодог. Амралтын өдөр л Хүүхдийн парк орж хүүхдүүддээ цаг гаргадаг. Гэхдээ тоглоомуудаа шинэчлэхгүй бол миний багадаа тоглодог байсан зарим тоглоом одоо ч хэвээрээ, сонголтгүй байна" гэж байлаа. Мөн иргэн Т.Гэрэлмаа "Паркт хүүхдээ тоглуулъя гэхэд тоглоом олдохгүй байна. Таван настай хүүхдээ долоо настай гэж худлаа ярьж л аргацаах байдлаар ганц, хоёрхон тоглоом дээр тоглууллаа. Хүүхдүүдийг тоглоход өндөр нь хүрэхгүй, нас нь болоогүй, жин нь хүрэхгүй гэх зэргээр ялгаварлаж байгаа нь зорьж баярлаад ирсэн хүүхдүүдийн урмыг хугалж байна" гэлээ.
НЭГ ТОГЛООМ 8000 ТӨГРӨГ, БАГЦ НЬ 25000-30000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Тасалбарын хувьд дөрөв болон зургаан тоглоомын сонголттой багцын тасалбар 25000-30000 төгрөгийн үнэтэй бол нэг тоглоом тус бүр нь 8000 төгрөгийн үнэтэй. Энэ нь өнгөрсөн жилийнхээс үнэ нь нэмэгдээгүй дүн болохыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажилчид хэлж байсан юм. Зуны улиралд хүүхдийн парк 00:00 цаг хүртэл ажилладаг бол өнөөдрийн байдлаар ажлын өдрүүдэд өдөр 13:00 цагаас нээгдэж, орой 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа бол амралтын өдрүүдэд 11:00 цагаас нээж 21:00 цагт хааж байлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!