Монгол Улсын 3.5 сая гаруй иргэнийг төлөөлж, 76 гишүүн УИХ-д сууж, хууль батлалцдаг. Энэ парламентын тухайд авлига, албан тушаалын хэргээс болж, дөрвөн гишүүнээ түдгэлзүүлсэн. Өнөөдрийн байдлаар 72 гишүүн бүртгэлтэй гэсэн үг.
Тэгвэл эдгээр гишүүд ажилдаа хэрхэн идэвх зүтгэлтэй хандаж, иргэдийг төлөөлж байна вэ. Өнөөдрийн тухайд, үдээс өмнөх хуралдаанаар "Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл"-ийг, үдээс хойш Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэхэд дээд тал нь 42, доод тал нь арай гэж 37 гишүүн суусан буюу 50-52 хувийн ирцтэй байлаа. Яг үнэндээ, 2024 оны улсын төсвийг баталснаас хойш гишүүдийн идэвх улам "СУЛАРСАН". Өглөө 10:00, өдөр 14:00 цагт хуралдаан эхэлдэг. Ирцээ бүрдүүлэхийн тулд дор хаяж, 10-20 минут хоцорч эхэлдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Санал хураалтын дэлгэц дээр ирц хүрсэн мэт харагддаг ч бодит байдал дээр хуралдаа суухгүй байх нь элбэг. Өөрөөр хэлбэл, ирц бүртгэлийн картаа уншуулчхаад, өрөөндөө орчихно. Кофе, цай эргүүлээд алга болчихно.
Чуулган завсарлах үед танхимаас "гарын таван хуруу"-нд багтах төдий гишүүд гарч ирдэг. Бусад нь чуулгандаа суудаггүй гэсэн үг. Зарим нь нууц хаалгаараа хэвлэлийнхнээс "ЗУГТДАГ" байдал хэвийн үзэгдэл болсон.
Зургаахан сарын дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусах энэ парламентын гишүүд ядаж нэг өдөр ч гэсэн хуралдаа бүгдээрээ сууж үзүүлээсэй.