Сонгуульд нэр дэвшихээр шийдсэн төрийн албан хаагч сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх журамтай. Тиймээс ажлаа өгөх хүмүүс хөдөлгөөнд орж эхэлсэн бөгөөд энэ сардаа багтаж ажлаа өгөх юм. Тухайлбал, УИХ-д нэр дэвших сайд нарыг нэгдсэн байдлаар оноос өмнө чөлөөлөх асуудал яригдаж байгаа.
Сонгуулийн тухай хуулийн 29.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заажээ. Үүнд:
29.4.1.төрийн жинхэнэ албан хаагч
29.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
29.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нар багтах аж.
Ирэх 2024 оны сонгуулийн тухайд бид анх удаа 126 гишүүнээ сонгоно гэдгээрээ онцлог. 126 гишүүний 78 нь тойргоор, 48 нь жагсаалтаар нэр дэвшинэ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандат, товыг тогтооно" гэж заасан ч эрх баригчид энэ онд багтаан тойрог болон товыг тогтоохоор бэлтгэл ажлаа хангаж буй.
Энэ саналыг УИХ-ын зарим гишүүд чуулганы хуралдаанд гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Жижиг тойргоор явсаар байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжсөн ч маргааш нь нэг нөхөр “попроод” эдийн засгийг нураана. Тэгэхээр одоо байгаа тойргоо томсгомоор байна. Тухайлбал,
Баруун аймгуудаа нэг тойрог болгоод асуудлуудаа шийдэх нь зүйтэй. Ингэвэл зам, эрчим хүчний гээд олон асуудал шийдэгдэх боломжтой” гэх байр суурийг илэрхийлсэн.
Үүнийг нь УИХ-ын дарга Г.Занданшатар ч дэмжиж буйгаа хэлсэн. Үүн дээр МАН-ын бүлэг ч санал нэгдсэн. Тиймээс санал боловсруулж, УИХ-д оруулах юм.
Хэрвээ тойрог томорвол нэр дэвшихээр сэтгэл шулуудсан төрийн албан хаагчид ажил, сонгууль аль ч үгүй хоцрохоор байгаа юм. Учир нь жагсаалтаар нэр дэвшигчдийн тоо бага учраас тэдэнд боломж хомс гэсэн үг.