Дээрх асуултад АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд дараах хариултыг өгөв.
Анх 1996 онд Авилгалын эсрэг хуулийг баталсан. Уг хуулийн дагуу албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж эхэлсэн түүхтэй. Улмаар Авлигын эсрэг хууль шинэчлэн батлагдаж, АТГ байгуулагдсанаар хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2007 оноос гаргуулж эхэлсэн. 2007-2012 онд Авлигын эсрэг хуулиар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргуулж байсан бол 2012 оноос хойш Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэдэг болсон.
АТГ байгуулагдсанаар мэдүүлгийг бүртгэх, хянах нэгдсэн тогтолцоо бий болсон. Манай байгууллага ажиллаж эхэлсэн цагаас хойших хугацаанд нийтдээ 16 дахь удаагаа мэдүүлэг гаргуулж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны 5 дугаар сард хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2012 онд 2 удаа мэдүүлэг гаргуулсан байдаг.
Мэдүүлгийг гаргуул наар нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхолтой зөрчилдөх, зөрчил үүсэхээс сэргийлэх, үндэслэлгүй хөрөнгөжих явдлыг илрүүлэх, таслан зогсоох боломжийг бүрдүүлнэ. Мөн ийнхүү мэдүүлэг гаргах нь нийтийн албанд хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох, ёс зүйг дээшлүүлэх, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
2021 онд улсын хэмжээнд мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй 43692 албан тушаалтан бүгд мэдүүлгээ 100 хувь шинэчлэн гаргасан. Мэдүүлэг гаргуулсан 15 жилийн түүхээс харахад энэ нь анхны тохиолдол. Нийтийн албан тушаалтнууд мэдүүлгээ гаргах хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж байгаа нь албан тушаалтнуудын сахилга, хариуцлага нэмэгдэж байгаагийн илэрхийлэл гэж үзэж болох байх.
Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тул ард түмэн мэдээлэлтэй байх ёстой. Нөгөө талаасаа өөрийнх нь төлсөн татвараар цалинжиж байгаа, эсхүл өөрийг нь төлөөлж эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд хэр шударга ажиллаж байгааг иргэд хянах нь зүй ёсны асуудал. Энэ зорилгын хүрээнд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй мэдээллийг олон нийтэд ил тод болгодог. Ил тод байна гэдэг өөрөө хариуцлагатай, хяналттай байхын илэрхийлэл. Улмаар бусад албан тушаалтнуудын ХОМ-ийг 2017 оноос эхлэн АТГ-ын http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд нээлттэй байршуулдаг болсон.
http://www.xacxom.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдээлэл олж авсан иргэн уг мэдээлэлдээ үндэслэн хяналт тавих боломжтой. Цахим системд тухайн албан тушаалтны гаргасан мэдүүлэг он дарааллаар байршиж байгаа болохоор хяналт тавих, мэдээлэл олж авахад хялбар. Ийнхүү хяналт тавих явцад албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын байдалд нь үндэслэл бүхий эргэлзээ бий болбол манай байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрхтэй. Манай байгууллагаас албан тушаалтны ХАСХОМ-ийг өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг.
Олон нийтийн дунд байдаг буруу ойлголтод залруулга хийе. Авлигын эсрэг хуулиар манай байгууллага УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийдэггүй, харин УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан шалгадаг хуулийн зохицуулалттай. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах тохиолдолд бид ХАСХОМ-ийг нь шалгах боломжтой.
АТГ 2021 онд 315 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан. Уг шалгалтын дүнгээр илэрсэн зөрчлөөр 94 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Энэ нь өмнөхөөс 2 дахин өссөн үзүүлэлт юм. Албан тушаалтнуудад хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн зөрчил түгээмэл илэрдэг.