“Шударга тав“ улс төрийн “РИНГ”-нээс буулаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 11 секунд

Улс төрөөс бүрэн яваагүй ч өмнөх шигээ тэмцэгчийн, эх орончийн дүрээр харагдахаа больсон "Шударга тав".

Нэгэн цагт "МАНАН дэглэмийг устгана" хэмээн уриа лоозон болж, Төв талбайд ард иргэдээ жагсаал цуглаанд уриалан хөдсөн дээлтэй тэмцэж явсан "Шударга тав" өнөөдөр улс төрд бага багаар бүдгэрсэн дүр болж хувирчээ. Хошигнож буй ч гэлээ, тэднээс улс төрд "гоцолж" үлдсэн ганц дүр болох Х.Нямбаатар дөнгөж өчигдөрхөн Хотын даргын сэнтийгээс хүчтэй гэгчийн уналтыг хийлээ. Ингэснээр "Шударга тав" гэх үзэгдэл бүрэн утгаараа замхарч орхив.

-Ж.БАТЗАНДАН-

Ж.Батзандан хэдийнээсээ монголын улс төрд хамгийн удаан “тэмцэгч” нэгний дүрээр явсан хүмүүсийн нэг. Австралид элчин зөвлөхөөр хүртэл томилогдож явсан тэрбээр улс төрийн имижийн хувьд тогтвортой бус "онош"-тойгоор өнөөдрийг хүрсэн. 2019 онд ШИНЭ намыг үүсгэн байгуулж дарга болсон ч 2024 онд байгуулсан намаасаа гарч, Ардчилсан намд очсон. Гэвч өнөөдрийн нөхцөлд тэр ШИНЭ намдаа ч, Ардчилсан намдаа ч бүрэн хүлээн зөвшөөрөгдөж чадалгүй нам гүмхэн аж төрөх болсныг хэн хүнгүй мэднэ. Үе үе гарч ирж, олны хараанд өртдөг ч түүнд өмнөх шигээ улс төрийн төвд нөлөө үзүүлэх хэмжээний жин үлдээгүй.

-Л.БОЛД-

Л.Болд бол “Шударга тав”-ын дотор илүү дипломат, илүү зөөлөн "өнгөтэй" гэмээр улстөрч. Гэхдээ улс төрийн идэвхтэй төвөөс холдсон мөчөөс хойш түүний нөлөө аажмаар буурсан гэж хэлж болно. 2019 онд "Шударга тав"-ынхаа нэг болох Ж.Батзандантай цуг ШИНЭ намыг үүсгэн байгуулж явсан тэрбээр 2021 онд Монгол Улсаас Бельги Улсад суух Элчин сайдын албан тушаал "халаасалж", түүнээс хойш нам гүмхэн байх болсон. Тиймдээ ч бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа тэр дотоодын улс төрд нь өмнөх шигээ дүр байхаа хэдийнэ больсон юм.

-Т.АЮУРСАЙХАН-

Энэ уналтын хамгийн хүчтэй жишээ нь Т.Аюурсайхан гэхэд хилсдэхгүй. Нэгэн цагт УИХ-ын дэд дарга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, ХНХ-ын сайдын алба гээд албан тушаалын ёндоотой нэгэн байсан тэрбээр 2024 онд нүүрсний гэх тодотголтой хэргээр шүүхээс ял сонссон. Хамгийн сонирхолтой нь, тэрбээр шоронгоос суллагдсан даруйдаа өөрийг нь шоронд ороход нөлөөлсөн нэгнээр "Шударга тав"-ынх нь нэг болох Л.Оюун-Эрдэнийг нэр цохож орхисон.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ-

"Улс төрийн дээгүүр албан тушаалд очихгүй" хэмээн зарлаж явсан “Шударга тав”-аас улс төрийн карьерын хувьд хамгийн өндөрлөгт хүрч очсон нь яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ. Тэр Ерөнхий сайдаар дөрвөн жил гаруй хугацаанд ажилласан ч өнгөрөгч онд бэр, хүүгийнхээ тансаглалтай холбоотой асуудлаар огцорсон. Үүнээс хойш нам гүмхэн байсан тэрбээр энэ хаврын чуулган эхэлснээс хойш үе үе байр сууриа илэрхийлж харагдах болсон.

-Х.НЯМБААТАР-

Хамгийн сүүлийн бөгөөд хамгийн тод үйл явдал бол Х.Нямбаатарын огцролт байлаа. Тэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед бидний шоглон хэлдгээр "бүх юмны дарга" байсан нь үнэн. Ямар сайндаа Х.Нямбаатаргүй ажлын хэсэг ч байхаа болиод байсан юм. Хууль зүй дотоод хэргийн сайд, Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч, Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг ахлагч, Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн ахлагч, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга гээд гуншин ихтэй улстөрч байв.

Харин намаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэрбээр нэг л өглөө Хотын даргын сэнтийд заларч орхисон. Үүнээс хойш 2 жил 7 сарын хугацаанд Хотын даргаар ажиллаж, дөнгөж өчигдөрхөн Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу ажлаа өглөө. Туулын хурдны зам, нөөцийн махны нийлүүлэлт, үнийн өсөлт гээд сүүлийн нэг сарын хугацаанд түүнийг тойрсон хэл ам өндрийг аваад байсан юм. Харин үүнийх нь хариуд намынх нь 80-аад оны дарга нь түүнийг “Үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөллөө. Харин тэрбээр хариуд нь "Алиа бацаан" гэж "элдэнэ" лээ.

ТАНИЛЦ: Өнөөдрөөс нөөцийн махыг 13-15 мянган төгрөгөөр худалдаалах 6 байршил
ТАНИЛЦ: Өнөөдрөөс нөөцийн махыг 13-15 мянган төгрөгөөр худалдаалах 6 байршил
 
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хурлын товоо гаргана
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хурлын товоо гаргана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!