Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

CHITA: Монголын их сургууль ОХУ-аас хүүхдүүдийг хуурч элсүүлэн, хүүхдүүд тэндээс зугтаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 53 секунд

Монголдоо багагүй дуулиан тарьдаг Монголын Үндэсний Их Сургууль хилийн чанадад ч асуудал тариад амжжээ. Тодруулбал, Chita.ru цахим хэвлэлд Монголын Үндэсний Их Сургууль хэрхэн хүүхдүүдийг хуурч мэхлэн элсүүлж байгаа талаар бичсэн байна. Энэ нийтлэлийг товчлон хүргэж байна.

Чита хотын дунд сургуулиудаар Монголын төлөөлөгчид явж, Монголын Үндэсний Их Сургуульд элсэн орохыг төгсөгчдөд ятгаж байгаад санаа зовнисон эцэг эхчүүд манай редакцид хандсан юм. Энэ сургууль хамгийн тэгргүүлэгч, орчин үеийн олон улсын их сургууль хэмээн танилцуулж, гайхалтай нөхцөл санал болгож байгаа аж. Энэ ухуулгад автан олон ч хүүхэд яваад хохироод үлджээ.

МҮИС танилцуулгатайгаа огт адилгүй. Сайхан сурталчилгаа сурагчдыг татах ч тэд хилийн чандад очсон хойноо хууртсанаа мэдэрч, очсон өдрөө л тэндээс зугтахыг хүсэж байна. Гэвч тэдний төлбөрийн мөнгийг Монголын их сургууль эргүүлэн өгөхгүй байгаа аж.

"Чита.ру" сонины редакцид Чита хотын 36 дугаар сургуулийн төгсөгч охины эцэг эх хандсан юм. Охин нь 10 дугаар ангид суралцаж байх үед тэдний сургууль дээр Монголын Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчид сурталчилгаа хийхээр ирсэн байна. Ингээд тэд сурагчдад гайхалтай орчин, нөхцөлийн талаар ярьж, хилийн чанадад суралцах сайхан боломж гэж ухуулжээ. Сурагчид Монголын том сургуульд элсвэл олон улсын түвшний боловсрол олж авахын зэрэгцээ өөр гадаад орнуудад дадлага хийж, төгсөхдөө, дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх хоёр диплом гардана гэж ярьсан гэнэ.

Энэ сургуулийн цар хүрээг харахад үнэхээр л гайхал төрүүлэм. Сургуулийн 13 факультетад 15 мянга орчим оюутан суралцдагийн 20 хувь нь хилийн чандаас иржээ. Энд дурын чиглэлээрээ сурч болно, эдийн засаг, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, урлаг, аялал жуулчлал тэр бүү хэл нисэхийн мэргэжилтэн ч бэлтгэдэг аж. МҮИС сургуулийн таван байр, политехникийн коллежтой.

Ингээд Монголын төлөөлөгчид хүүхдүүдэд хурлын том танхим, 24 цагаар ажиллах номын сан, кинотеатр, оюутнуудад зориулсан 2 давхар машины зогсоол, тохилог танхим, олон улсын кемпинг зуслан, үнэ төлбөргүй дотуур байр гээд хамгийн сайхан нөхцөлийг харуулсан танилцуулга өгчээ. Яг л Монголын Стэнфорд гэсэн сэтгэгдэл төрүүлэм.

Түүнчлэн энэ сургууль АНУ-ын олон улсын магадлан итгэмжлэх байгууллагын гишүүн, Азийн их дээд сургуулиудын холбооны гишүүн, олон улсын стандартад нийцсэн анхны их сургууль, НҮБ-ын энхийн гэрээнд нэгдсэн анхны Монголын сургууль гэж бичжээ.

Мөн хүүхдүүдийг татсан гол нөхцөл нь Монголын сургуульд орохын тулд Орост элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шаардлагагүй гэсэн заалт байв. Тиймээс шалгалтад бэлдэж, цаг хугацаа, эрч хүчээ зарахгүйгээр гадаадын сургуульд суралцах боломжтой гэж ухуулсан нь хүүхдүүдэд ихээхэн таалагдсан аж.

"Олон хүүхэд шалгалтад хангалттай оноо авч чадаагүй тул энэ сургуулийг зорьсон. Манай охины хувьд сурлага сайтай байсан ч үргэлж л гадаадад сурахыг хүсдэг байсан тул Монгол руу явсан" гэж манай редакцид хандсан сурагч охины аав өгүүлсэн юм.

Орос хэлээр ярьдаг оюутнуудад нэгдүгээр дамжаанд бүх хичээлийг орос хэлээр зааж, монгол хэл хажуугаар нь заана гэж амласан ч үнэндээ бүх хичээл монгол хэл дээр явагдаж байжээ.

Сургалтын төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхийг санал болгожээ. Энэ нь эргэлзээтэй санагдсан тул эцэг эх нь сургалтын төлбөрийг банкаар шилжүүлсэн бөгөөд нэг семестрийн төлбөр 80 мянган рубль, жилийн төлбөр 160 мянган төлбөр болсон аж. Охиныг сурахаар болох үед сургалтын гэрээ байгуулаагүй, сургуулийн талаас ч энэ талаар ам нээгээгүй аж.

Ингээд охин Улаан-Үдээр дамжин Монголд хүрчээ. Улаан-Үд хотод МҮИС-д суралцах оюутнуудыг цуглуулан Монгол руу авч явсан бөгөөд Оросын олон хотоос ирсэн 100 орчим хүн Монголыг зорьсон аж. Ингээд Монголд ирэхэд сурталчилгаанаас огт өөр дүр зураг угтжээ.

"Нэгдүгээрт, нэг удаад л хүүхдүүд суулгасан гурван автобус явсан, гэтэл энэ олон хүүхдийг байрлуулах бэлтгэлгүй байсан. Хоёрдугаарт, дотуур байр нь маш бохир. Зуны амралтын үе байсан болохоор хүмүүст дотуур байрыг хөлслүүлсэн юм билээ. Хүүхдүүд дотуур байранд ороход эвдэрхий, хэмхэрхий бохир орчин л угтсан. Сургууль дээр ямар ч удирдлага угтаж аваагүй, харин дөрөвдүгээр дамжааны оюутнууд угтсан. Ямар ч хуваарь байгаагүй, тэр оюутнууд нь Оросоос ирсэн хүүхдүүдийн оршин суух зөвшөөрлийг яаж авахыг ч мэдэхгүй байсан. Орос хэлээр ярьдаг багш ч байгаагүй. Гэтэл орос хэл дээр хичээл заана гэж амлаад хүүхдүүдийг аваад явсан шүү дээ. Тиймээс хичээл дээр нь монголоор юу ч юм яриад байгааг ойлгоогүй охин маань зүгээр л сууж цаг нөхцөөж байсан" гэж манай редакцид хандсан эр өгүүлсэн юм.

Ингээд анхны өдрөөс л бүхнийг ойлгосон охин гэртээ харихыг хүсчээ. Тэр ганцаараа ийм шийд гаргасангүй, өөр 20 оюутан буцахаар болсон байна.

Гэтэл их сургуулийн удирдлага сургалтын төлбөрийг буцаахаас татгалзжээ. Энэ үед харийн оронд очсон хүүхдүүд ямар ч аргагүй болсон аж. Мөнгийг нь буцаахыг шаардан өргөдөл гаргасан ч ямар ч хариулт өгөөгүй байна. Үүгээр ч зогсохгүй, нэг улирал суралцаад буцахаар шийдсэн хүүхдүүдийн бичиг баримтыг барьцаалж, төлбөрийн асуудалтай гэсэн шалтгаанаар бичиг баримтыг нь өгөхгүй байгаа гэнэ.

Оросоос маш олон сурагч Монголын их сургуульд суралцахаар очсон гэсэн мэдээллийг бид авсны дараа Телеграм сувагт энэ сургуулийг зорьсон хүүхдүүд байгаа эсэх талаар зар нийтэлсэн юм. Энэ зараар маш олон хүн холбогдсон нь бидний гайхшралыг төрүүлж байлаа. Улаан-Үд, Эрхүү, Тува, Якутск, Гусиноозерск, тэр бүү хэл Москвагаас ч суралцагч очжээ. Бүгд л сайхан сурталчилгаанд хууртан очсон, газар дээр нь нөхцөл байдал огт өөр байгааг мэдэрсэн хүүхдүүд байв.

Ингээд Монголд итгэл өвөрлөн ирсэн хүүхдүүд одоо тэндээс бөөнөөрөө зугтаж байна. Зарим нь эхний өдрөөсөө, зарим нь хэдэн сар тэсээд явахаар болсон бол нөгөө хэсэг нь их мөнгө төлчихсөн, гарсан тохиолдолд мөнгөө эргүүлэн авч чадахгүй гэсэн занганд оржээ.

Энэ сургуулийн сурталчилгаа болон бодит байдал тэнгэр газар шиг зөрүүтэй аж. Нэгдүгээрт энэ сургууль улсынх биш харин хувийн сургууль. Мөн амласан шиг нь дипломыг олон оронд хүлээн зөвшөөрөхгүй, ганцхан Монгол л хүлээн зөвшөөрнө. Орон сууц байдлаар тохижуулсан оюутны дотуур байрыг сурталчилсан ч үнэн хэрэгтээ тавилгагүй бохир сууц байх аж. Зуны улиралд энэ байрыг ажилчдад түрээсэлдэг гэнэ. Дотуур байр болон сургуулийн байранд халаалт, халуун ус байхгүй. Үүний зэрэгцээ өрөөнүүд нь жоомоор дүүрсэн байдаг, түүнчлэн орос хэлээр хичээл орно гэж амласан ч нэг ч хичээл орос дээр ороогүй байна.

"Оросоор ярьдаг багш нар бий, гэхдээ цөөхөн. Орос хэл мэддэг багш нар оросоор ярих дургүй. Монгол хэл ойлгохгүй байгаа нь та нарын л асуудал гэдэг. Анатоми болон латин хэлний багш бий, орос хэл сайн эзэмшсэн. Гэхдээ бидэнтэй оросоор ярьдаггүй. Орос оюутнуудыг шахаж, доромжилж, Орос орон задран унасан, та нарт орон гэр байхгүй, та нар ердөө л дүрвэгчид гэж загнан, бидэнд монгол нэр өгч, Монгол та нарыг өрөвдсөн учраас л хүлээж авсан гэдэг байсан" хэмээн Буриадаас Монголд суралцахаар ирсэн оюутан бидэнд ярьсан юм.

Эх сурвалж: Shuud.mn

ЦЕГ: Цогцост заавал шинжилгээ хийх шаардлагатай учир зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалт байхгүй
ЦЕГ: Цогцост заавал шинжилгээ хийх шаардлагатай учир зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалт байхгүй
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.