Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: НӨАТ-ыг шийдвэрлэхэд шаардлагатай 600 орчим тэрбум төгрөгөөр ХХОАТ, НДШ-ийг гурван хувиар бууруулах боломжтой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
9 минут 44 секунд

НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох 100 мянган иргэний саналыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн томилогдон ажиллаж буй. Түүнтэй НӨАТ болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Цаг үеийн асуудлаас яриагаа эхэлье. Ирэх оны улсын төсвийг батлах хуулийн хугацаа тулж ирсэн байна?

-УИХ аравдугаар сарын дундуур ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хороод хэлэлцүүлгийг хийгээд явж байгаа. Энэ долоо хоногт Төсвийн байнгын хороо болон УИХ хоёр дахь хэлэлцүүлгийг хийх төлөвлөгөөтэй байна. Төсөв батлах хуулийн хугацаа нь 11 дүгээр сарын 15. Бидний зүгээс төсөвтэй холбоотой асуудлуудыг судалж, шаардлагатай бол зарим зардлуудыг тэвчих, хойшлуулах чиглэлд тодорхой өөрчлөлтүүдийг хийх, мэргэжлийн санал дүгнэлтийг гаргахаар Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд ажиллаж байна.

-Төсвийн байнгын хорооны зүгээс хэлэлцүүлгийн үеүдэд ямар санал дүгнэлтийг өгч байгаа вэ?

-Ажлын хэсэгт болон байнгын хороонд УИХ-аас өгсөн гол чиглэл бол зарим салбаруудын тэвчиж болох зардлыг хойшлуулах, эрх ашгийн эрэмбийн хүрээнд нэгдүгээрт тавигдах ёстой асуудлуудыг шийдвэрлэх талаас нь анхаарч ажиллах, тодорхой хэмжээний урсгал зардлууд дээр хэмнэлт үүсгэх. Тэр дундаа зарим бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд бий. Зарим олон жилийн туршид үргэлжилж ирсэн, бараа материалын үнэ нь тодорхой байгууллагуудаар хянагдаж, аудитаар баталгаажаад ирсэн заалтуудыг анхаарч ажиллах гэдэг ч юм уу. Энэ чиглэлд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгөөд ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд болон нийгмийн зүгээс анхаарах ёстой зүйлсийг илэрхийлсээр байгаа. Эдгээрийн нэг нь орлогыг хэт өндрөөр тооцоолсон, ирэх онд экспортлох түүхий эд бараа бүтээгдэхүүний тоо хэмжээнд эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол байгаад юм. Бид үүнийг тооцоолж үзэж байгаа. Аравдугаар сарын сүүлээр авч үзэхэд, Монгол Улсын экспортлосон түүхий эд, бараа материалын тоо хэмжээ тооцоолж байснаас нэлээн өндөр байгаа. Одоогоор гол нэр төрлийн бараа болох нүүрсний экспорт 50 сая тонн давчихсан яваа. Энэ дүнгээс харахад, 60 сая тонноос илүү гарах тооцоололтой байна гэж харж байгаа. Ирэх онуудын хувьд ч гэсэн төсвийг нуруун дээрээ авч явж байгаа уул уурхайн салбарын нэр төрлийн бараа материалын үнэ тогтвортой байна гэж харж байгаа. Засгийн газраас экспортын тоо хэмжээг энэ оны гүйцэтгэлтэйгээ уялдуулж төсөөлсөн, биелэгдэх боломжтой гэж байгаа.

Мөн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж буй зүйл нь инфляци, үнийн өсөлтийн асуудал байна. Цар тахлаас хойш хоёр оронтой тоонд шилжсэн. Инфляци энэ оны төсгөлд зургаа орчим хувьтай гарах болов уу гэсэн тооцоолол байна.

-НӨАТ-ыг шийдвэрлэхэд шаардлагатай 600 орчим тэрбум төгрөгөөр ХХОАТ, НДШ-ээ ч гурван хувиар бууруулах боломж байгаа-

-Таны хувьд НӨАТ-ын асуудлаар байгуулагдсан Ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын хэсэг ямар судалгаа тооцоолол дээр төвлөрч байгаа вэ. Төсөв өргөн барьсан хойно энэ асуудлыг гаргаж ирлээ гэдэг байдлаар шүүмжлэлтэй хандах гишүүд цөөнгүй байна?

-Иргэд өөрсдөө санал гаргаж байна. Татварын ачаалал өндөр байна гэдэг байдлаар хандаж татварын хувь хэмжээг өөрчлөх саналуудыг гаргаж байна. Нэг талдаа УИХ олон нийтийн сүлжээгээр дамжуулж цахим хэлбэрээр иргэдийн саналыг авч байгаа нь том дэвшил гэж харж байна. Иргэдийн гаргасан санал дээр санал боловсруулах, мэргэжлийн талаас нь дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Энэ нь ул суурьтай хандах асуудал учраас би ажлын хэсгийг өөрөө ахалж байгаа.

Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн нягтлах ёстой хэд хэдэн асуудлууд байна. 100 мянгаас дээш иргэдээс санал авсан 2-3 асуудлууд бий. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох, ХХОАТ болон НДШ-ийг 50 хувиар бууруулах асуудлууд гарч ирсэн. Эдгээр асуудлууд дээр мэргэжлийн байгууллагуудаас санал дүгнэлтийг нь авч үзэж байгаа. Судалгаагаар авч үзэхэд, иргэдийн амжиргаа орлогод сөргөөр нөлөөлж буй зүйл бол инфляци буюу үнийн өсөлтийн асуудал. Хоёрдугаарт, НДШ-ийн хувь хэмжээ өндөр байгаа явдал. Гуравдугаарт, ХХОАТ болоод НӨАТ зэрэг татварын ачаалал өндөр байгаа гэх шүүмлэл. Үүнд төрөөс татварын оновчтой бодлогыг гаргаач гэх хүлээлт байгаа. ААН-үүдийн хувьд арилжааны зээлийн хүртээмж болоод хүүгийн хувь хэмжээ өндөр байна гэх асуудал нэн тэргүүнд тулгарч байна. Нийтлэгээрээ татварын ачаалал өндөр байна, цар тахлын дараах нөлөөлөл арилаагүй байна, үйл ажиллагаа болоод ажил амьдрал хэвийн болоогүй байна гэдэг дүгнэлт гарч ирж байгаа.

Иргэдийн саналаар гарч ирж байгаа татвартай холбоотой асуудлуудыг цогцоор нь судалж, аль татварын хувь хэмжээг бууруулах нь эдийн засгаа дэмжсэн нөгөө талдаа иргэд олон нийтэд хүртээмжтэй эдийн засгийн бодлого болох вэ гэдэг талаас нь харж байгаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тал дээр эдийн засгийн ямар тооцоолол гарч байна вэ?

-НӨАТ-ын тухайд, буцаан олголтын хэмжээг гурван хувиар нэмэгдүүлэхэд улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсэхээр байгаа. Гэтэл НДШ-ийг 1 хувь бууруулахад 190 тэрбум төгрөг, ХХОАТ-ыг нэг хувиар бууруулахад 170 тэрбум төгрөг хэрэгтэй. Магадгүй бид НӨАТ-ыг шийдвэрлэх 600 орчим тэрбум мөнгөөрөө ХХОАТ, НДШ-ээ ч гурван хувиар бууруулах боломж байгаа гэж харж байгаа.

Гэхдээ үүнийг сайтар судалж байж төсөв эдийн засагтаа сөрөг нөлөөлөл үүсгэхгүйгээр, инфляцыг өдөөхгүй талаас нь анхаарч үзэх ёстой. Ойрын хугацаанд авах бодлогын шийдлийг бид гаргаж ирнэ. Нөгөө талдаа татварын ачаалал өндөр байгаа учраас салбар бүрийн татварын ачааллыг гаргаж ирье гэж байгаа юм. Мөн урт хугацааны бодлогыг гаргаж ирэхээр төлөвлөж байна. Тогтолцоо бол бодлоготой байх ёстой. Татвар иргэдээ, эдийн засгаа дэмжсэн илүү оновчтой, ээлтэй байх ёстой. Судалгаан дээр суурилж бодлогоо гаргах болно. Аль татварын хувь хэмжээг ямар хэмжээтэй байлгах вэ, аль салбар дээр анхаарч үзэх ёстой вэ гэдгийг гаргаж ирнэ. МҮХҮАТ-аас бизнесийн орчинтой холбоотой судалгааг авсан. Бид сарын хугацаанд судалгаагаа дуусгаж шаардлагатай бол хууль тогтоомжийн өөрчлөлттэй нь цуг өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй байна.

-НӨАТ-ын буцаан олголттой зэрэгцээд ААН-үүд НӨАТ-ыг жигд таван хувиар төлье гэх саналыг дэвшүүлж байгаа?

-Бидний анхаарч үзэх ёстой зүйлийн нэг энэ болчихоод байгаа юм. Буцаан олголт нь илүү үр дүнтэй юм уу аль эсвэл эсрэгээрээ энэ нь инфляци өдөөх сөрөг нөлөөтэй зүйл болох юм уу. Үүнийг хийхийн оронд хувь хэмжээг нь бууруулах нь оновчтой юм уу гэх асуудал. Энд бидний шинэчлэх ёстой нэг асуудал гарч ирж байгаа. Энэ бол далд эдийн засгийн асуудал. Хэн бүхэнд илт тодорхой болчихсон асуудал. НӨАТ-аараа наймаалцдаг гэх асуудал хүртэл байна. Судалгаагаар 3.5 их наядын далд зах зээл байна. Бараа бүтээгдэхүүн худалдаа үйлчилгээн дээр 60 хувь нь бүртгэлтэй, 40 хувь нь бүртгэлгүй яваад байна. Далд эдийн засгийг ил болгох, шудрагаар татвараа төлдөг байх тогтолцоог бүрдүүлэх, цахим шилжилтийг хийх шаардлагатай байна. Иймээс энэ асуудалд ажлын хэсэг төвлөрч, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангуулж, бодлогын шийдвэрүүдийг гаргаж ирж тавина. Нэг хэсэг нь төлдөг, нэг хэсэг нь төлдөггүй байж болохгүй.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -13 хэм, ялимгүй цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -13 хэм, ялимгүй цас орно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.