Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хотын захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгчид өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар шадар сайдад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. “Тавантолгой түлш” ХХК нь Төв аймгийн Гүнбүрдийн аманд байрлах түүхий эдийнхээ нөөц талбайд цахилгаан хангамж бүхий явуулын болон суурин бутлуурын төхөөрөмж байрлуулан ажиллах, үйлдвэрийнхээ агааржуулалтын цогц төхөөрөмж байрлуулах, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбогдуулан савалгааны үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.
Хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайханы 07 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өдөр бүр 11:00-24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд хэллээ.
Сайжруулсан түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай (ЗИЛ-131) автомашинаар энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр түгээлт хийж байна. Мөн сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэр 12 шугам хэвийн ажиллаж 1 дүгээр үйлдвэр нь сард 27.000 тонн, 2 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 3 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 4 дүгээр үйлдвэр нь 6.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна.